Галакси Фолд загварын эвхэгддэг утас Баасан гарагаас эхлэн Өмнөд Солонгост 1980 доллараар худалдаанд гарна гэдгийг Самсунг компани мэдэгдлээ. Энэ нь зах зээлд нэвтэрч буй анхны эвхэгддэг утас бөгөөд удахгүй Франц, Герман, Сингапур, Их Британи, Америк зэрэг улсад зарагдаж эхлэх юм. 

Галакси Фолд нь 4.6 инч хэмжээтэй ч 7.3 инч хүртэл дэлгэгддэг ба өнгөрсөн дөрөвдүгээр сард худалдаанд гарах байсан ч нугас, дэлгэц хурдан эвдрэх зэрэг асуудал үүсчээ. Улмаар Самсунг компани сүүлийн хэдэн сар тус алдаануудыг засварласан ба өнгөрсөн долдугаар сард шинэчилсэн загварыг танилцуулсан юм. Уг шинэчлэлд нугасыг сайжруулж хамгаалалтын давхаргыг нь томруулсан байна. 

Дэлхийн шилдэг ухаалаг утас үйлдвэрлэгчдийн нэг болох Самсунг компаний 2016 онд гаргасан Галакси Note 7 загварын утасны батерей дэлбэрсний улмаас зарагдсан олон сая утсаа буцаан татсан юм. 

Үүнээс болж Note 7 загварын үйлдвэрлэл, борлуулалт алдагдсан байна. Энэхүү явдал Фолд загвар дээр ч давтагдах магадлалтай гэж зарим хэрэглэгчид эмээж байгаа талаар ажиглагчид хэлж байсан юм. 

Мөн Япон, Өмнөд Солонгосын худалдааны маргаанаас болж Самсунг компаний чип үйлдвэрлэлд саатал үүсээд байна. 

Самсунг компаний томоохон өрсөлдөгч Хятадын Хуавей компани энэ оны сүүлээр Mate X эвхэгддэг утсаа 2600 доллараар худалдаанд гаргах юм. 

Эх сурвалж: CNN, Engadget