НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, МАН-ын гишүүн асан А.Ганбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурал БГД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхлэх байсан ч хойшиллоо. Шүүгдэгч А.Ганбаатарын өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу шүүх хурлыг энэ сарын 31 хүртэл хойшлуулсан байна. 

Шүүх хуралдаанд 60 тэрбумын бичлэгийг нийтэд дэлгэсэн Г.Доржзодов гэрчээр оролцох байсан юм. Ц.Сандуйгийн зүгээс “60 тэрбумын схемийг А.Ганбаатар бид хоёроос гадна ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар мэдэж байсан” гэж Цензургүй яриа нэвтрүүлэгт оролцох үеэрээ хэлсэн байна. 

Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар хуйвалдаан зохион байгуулсан үндэслэлээр яллах санал хүргүүлсэн юм. 

Сануулбал, 60 тэрбумын бичлэгийг Г.Доржзодов 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр олонд дэлгэсэн юм. Тус бичлэгт тухайн үеийн намын дарга М.Энхболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй, намын гишүүн А.Ганбаатар нарын яриа бичигдсэн байдаг.