Дэлхийгээс хорин гэрлэн жилийн зайд нарны аймгийн гадна талд 200 сая жилийн настай гараг хэлбэртэй биет илэрчээ. Судлаачдын “тэнүүлч” гэж тодорхойлсон ойлгомжгүй туяа цацруулдаг уг биет задгай сансарт ганцаараа тэнэж явдаг байна.

“SIMP J01365663+0933473” гэж нэрлэсэн уг биет нарны аймгийн хамгийн том гараг болох Бархасбадиас 12.7 дахин хүнд ба 200 дахин хүчтэй соронзон орон үүсгэдэг байна.

Мөн гадаргын дулаан нь 815.5 градус гэнэ. Энэ нь халуун санагдаж байгаа ч 5500 градустай нарыг бодвол харьцангуй сэрүүн юм.

Сансар судлаачид Үндэсний шинжлэх ухааны сангийн Нью Мехико муж дахь одон орон судлалын төвийн радио телескопыг ашиглан биетийн соронзон оронг хэмжсэн байна.

Судалгаанаас үзэхэд уг биет нь гараг эсвэл хүрэн одой од байж болох гэнэ. Хүрэн одой од нь гарагаас том ч төвдөө одыг эрчим хүчээр хангадаг халуун цөмгүй байдаг. Хүрэн одой одны тухай ойлголт 1960 оноос гарсан ч анхны одой одыг 1995 онд олж нээжээ.

Энэ талаар Аризонагийн их сургуулийн судлаач Мелоди Као, “энэхүү биет нь гараг, хүрэн одой одны аль болох нь тодорхойгүй. Гэвч энэ нь бидэнд од, гарагийн аль алиных нь соронзон орныг судлах боломж олгож байгаа” гэв.

Биетийг 2016 онд бусад дөрвөн хүрэн одой одны хамт нээсэн бөгөөд хамгийн хөгшин, том нь гэж бодож байжээ. Харин өнгөрсөн жил хэсэг эрдэмтэд биетийг бүлэг залуу оддыг нэг гэдгийг илрүүлж жинг нь тогтоосон байна.

Уг судалгааны мэдээллийг Мелоди Као олж хараад биетийн соронзон орныг судлахдаа ашиглажээ. Судалгаагаар биетийн соронзон орон нь дэлхийн соронзон орон нарны салхитай харилцан үйлчлэх үед ялгаруулдагтай адил туяа үүсгэдгийг мөн тогтоосон байна.

Хүрэн одой однууд хүчтэй туяа үүсгэдэг ч үүний шалтгаан тодорхой юм. Учир нь тэд нарны салхитай харилцан үйлчлэлд ордоггүй байна. Харин гараг эсвэл сартай харилцан үйлчлэлд орвол туяа үүсэж болдог аж.

Энэ талаар Калифорнийн сансар судлалын хүрээлэнгийн дэд профессор Грег Халлинан, “уг биет нь хүрэн одой одны соронзон орны талаар ойлголтыг өргөжүүлэхэд ихээхэн хувь нэмэр орууллаа. SIMP J01365663+0933473 биетийг радио судалсан телескофийн аргаар бусад тэнүүлч биетүүдийг судлах боломж нээгдэж байна” гэжээ.

Эх сурвалж: CNN, Independent