Нэгдүгээр сарын байдлаар менингитийн гурван тохиолдол бүртгэгдээд байсан бол сар шинийн өдрүүдэд цахилгаан менингитийн хоёр тохиолдол дахин бүртгэгдлээ.

Менингитийн халдвар авсан тохиолдолд шинж тэмдэг нь гэнэт илэрдэг бөгөөд энэ үед ихэнх эцэг эхчүүд зүгээр болчих байх зэргээр дур мэдэн эм өгөх, тоолгүй орхих зэргээр цаг алддаг гэнэ.

Гэвч цаг алдалж менингитийн өвчлөл хүндэрвэл хүүхэд амь насаа алдах хүртэл эрсдэлтэй бөгөөд эрт илрүүлж, арга хэмжээ авч чадвал 100 хувь эдгэрдэг байна.

Мөн тус өвчний халдварыг голдуу насанд хүрсэн хүмүүс тараадаг учир бага насны хүүхдийг шүлстэн үнсэхгүй байх, олон нийтийн газраар дагуулж явахгүй байж, хоолойгоо зайлж, гараа тогтмол угааж хэвшихийг эмч нар зөвлөлөө.

Менингитийн үед хүүхэд өндөр халуурах, оргитол бөөлжих, айж цочих, гэрлээс зугтах, толгой өвдөх, тууралт гарах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна. Мөн энэхүү өвчлөлийн үйл явц хурдан хугацаанд хүндэрдэг учир дээрх шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд нэн даруй эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

Дашрамд дурдахад, манай улсад жилд дунджаар менингитийн 10-12 тохиолдол бүртгэгддэг юм.