Төрөлхийн тэмбүүтэй нярай манай улсад зөвхөн 2017 оны байдлаар 59 мэндэлсэн тухай Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв мэдээллээ. Энэ нь сард ойролцоогоор таван хүүхэд тэмбүүтэй төрж байна гэсэн үг юм.

Эдгээр 59 хүүхдийн 13 нь амьгүй, 13 нь төрсний дараа нас барсан гэж Улсын тэмбүүгийн оношилгоо эмчилгээ, бүртгэл мэдээлэл хариуцсан их эмч М.Тунгалаг хэллээ.

Төрөлхийн тэмбүүтэй нярай хүн болж мэндэлсэн ч, жин багатай төрдгөөс гадна эрүүл нярайтай харьцуулахад амьдрах чадвар харьцангуй муутай байдаг байна. Учир нь тэмбүүгийн үүсгэгч нярайн цусаар тархаж эд эрхтэнг (элэг, дэлүү, уушиг, бөөр, бөөрний дээд булчирхай, нойр булчирхай, өнчин тархи) гэмтээж, өөрчлөлтөд оруулдаг гэнэ.

Хэрэв эмчилгээнд хамрагдвал эх, ураг аль аль нь бүрэн эмчлэгдэх боломжтой ч тэмбүү өвчнөөс болж нялх үрээ алдах тохиолдол олон гардгийг их эмч М.Тунгалаг нэмж хэлсэн юм.

“Эх хүний үүрэг хариуцлагаа ухамсарлаж хяналтандаа орж, хамгийн гол нь шинжилгээнд хамрагдах шаардлагатай. Аль болох эрт оношилгоо хийлгэж эмчилгээгээ хийлгэх юм бол эрүүл хүүхэд төрөх бүрэн боломжтой,” гэж Ц.Амгалан эмч хэлж байна.

Огт эмчлүүлээгүй юм уу, дутуу эмчлүүлсэн эхийн ургийн 25 хувь нь хэвлийдээ энддэг, 30 хувь нь төрсөний дараа төрөлхийн тэмбүүгийн хүндрэлийн улмаас нас бардаг байна. Харин ургийн 40 хувьд нь хожуу хугацаанд төрөлхийн тэмбүүгийн эмнэл зүйн шинж тэмдэг илэрнэ.

Эрт илэрсэн төрөлхийн тэмбүүгийн үед нярай тэмбүүгийн тууралттай байна. Жишээ нь, идэвхитэй хэлбэрийн тэмбүүгийн эмнэл зүйн шинж тэмдэгтэй хүүхдүүдийн 50 хувь нь амьдрах чадваргүй төрдөг. Мөн төрөхдөө юмуу төрсний дараах долоо хоногт илэрдэг тэмбүүгийн цэврүүтэй тууралт хөлийн ул, үе мөчний нугалах гадаргуу, зарим тохиолдолд их биеэр гардаг.

Төрөлхийн тэмбүү яагаад их байна вэ?

Эмч нарын хэлсэнээр, төрөлхийн тэмбүү их байгаа нь жирэмсэний хяналттай холбоотой. Учир нь нийт 59 төрөлхийн тэмбүүтэй нярайн эхчүүдийн 37 нь жирэмсний хяналтад орсон боловч үүнээс 10 нь тэмбүүгийн шинжилгээ огт өгөөгүй байна.Тэгэхээр 32 эх шинжилгээ өгч, эмчлүүлээгүй хэмээн их эмч М.Тунгалаг хэллээ.

Тохиолдлын бэлгийн хавьтал БЗХӨ ихсэх гол шалтгаан:

Дэлхий нийт тэмбүүг эмчлэх аргыг нээгээд зуун жил болох гэж байхад манай улсад энэ өвчлөлийн тоо буурахгүй байгаагийн гол шалтгаан нь тохиолдлын бэлгийн хавьтал гэдгийг салбарынхан сануулж байна.

“Би тухайн үед согтуу байсан”

“Харахад цэвэрхэн охин/залуу байсан”

“Арай ч өвчтэй биш байлгүй дээ гэж бодоод унтчихсан чинь өвчин авчихлаа” гэсэн гэж эмчлүүлэхээр ирсэн өвчтөнүүдийн дийлэнх нь хэлдэг хэмээн ХӨСҮТ ийн ДОХ, бэлгийн замаар дамжих халдварын тандалт судалгааны албаны их эмч  Ц. Амгалан хэлэв.

Тэмбүү өвчний тухай мэдээлэл дутмагаас болж иргэд бие биедээ буруу ташаа мэдээлэл өгч, цаашилбал дур мэдэн эмчилгээ зөвлөдөг байна. Иймээс иргэдийн дунд байдаг тодорхойгүй асуултуудад их эмч М.Тунгалагаас хариулт авлаа.

Тэмбүү болон бусад БЗХӨ шинжилгээг хаана өгөх вэ?

Бүх аймаг, дүүргүүдэд бэлгийн замаар дамжих халдварын тусгай сайн дурын кабинетууд бий. Энэ нь ямар ч үнэ төлбөргүй, ажлын цагаар шинжилгээ авна.

Тэмбүү туссанаар насанд хүрсэн хүний биед гарах шинж тэмдгүүд:

Умайн хүзүү, эр бэлэг эрхтэн болон биеэр яр шарх үүснэ. Үс, хөмсөг сормуус унана, дотор эрхтэнг гэмтээнэ. Оюуны ачаалал нэмэгдсэн үед буюу стресстэй үед мэдрэлд сөргөөр нөлөөлдөг.

Тэмбүү аль ч шатандаа бүрэн эмчлэгддэг өвчин үү?

Тийм. Хамгийн гол нь үзлэгт хамрагдаж, эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Мөн жирэмслэхээр төлөвлөж буй болон жирэмсэн эмэгтэй, нөхрийн хамт шинжилгээнд хамрагдаж эмчилгээ хийлгэх шаардлагатай. Бас иргэд сайн дураараа тэмбүүгийн шинжилгээ өгч байх хэрэгтэй.

Тэмбүүгийн бактери цусанд үлддэг гэдэг. Тиймээс дархлаа муудсан үед сэдэрдэг гэж үнэн үү?

Эмчилгээ буруу болон дутуу хийлгэсэн тохиолдолд дархлаа муудсан үед сэдэрнэ. Түүнээс бүрэн эмчлэгдсэн тохиолдолд дахин сэдэрнэ гэсэн ойлголт байхгүй. Бүрэн эмчлэгдсэний дараа цусанд тэмбүүгийн бактерийн эсрэг ялгардаг “эсрэг бие” гэж бодис байгаа юм. Энэхүү бодис л эмчлэгдсэний дараа насан туршдаа цусанд тодорхойлогддог. Товчхондоо энэ хүн өмнө нь тэмбүүгийн халдвар авч байсан гэсэн тэмдэг үлдэж байгаа хэрэг.

Хэд хоногийн эмчилгээ хийлгэх вэ?

Өвчнийхөө үе шатаас хамаарч эмчлэгдэх хоног өөр өөр байдаг. Өвчин хүндрээгүй тохиолдолд 7-10 хоногт бүрэн эмчлэгддэг. Тухайн хүний өвчний үе шат, эм тарианы харшил зэргээс хамаарч ямар эмчилгээ хийхийг мэргэжлийн эмч тодорхойлно.  Хамгийн гол нь ямар эм, тариаг хэдэн тунгаар хийх вэ гэдэг нь тухайн өвчтөн болон өвчний үе шатаас хамаардаг.

Дур мэдэн эм, тариа хэрэглэж болохгүй!

Хүмүүс өвдөхөөрөө дур мэдэн эмийн сангаас эм, тариа авч хэрэглэдэг. Энэ нь уг өвчнийг архаг явцтай болгодог. Иймээс эм тариаг заавал мэргэжлийн эмчийн заавраар хэрэглэх шаардлагатай юм. Учир нь дур мэдэж хийсэн эмчилгээ өвчнийг улам хүндрүүлж далд хэлбэрт оруулдаг бөгөөд өөрийгөө эдгэсэн мэтээр бодож маш их цаг хугацаа алддаг.

Өвдөнө гэдэг нь ичмээр зүйл биш харин дур мэдэн эмчлэх, өвчнөө бусдад халдаах нь ичгэвтэр үйлдэл юм гэдгийг эмч нар хэлээд, хэрэв бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилсөн бол яаралтай мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байлаа.