Сарын тэмдгийн үед ихэнх эмэгтэйчүүдэд нуруу, хэвлийгээр өвдөж, зан ааш тогтворгүй болох шинж тэмдэг илэрдэг. Тэгвэл эдгээр өдрүүдэд сайн унтаж амарч, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэхээс гадна дасгал хийх нь олон талын үр ашигтай гэнэ. Дасгал нь сарын тэмдгийн үеийн зовиурыг бууруулдаг байна. 

Заавал хүч шаардсан дасгал хийх шаардлагагүй бөгөөд алхах, сунгалтын дасгал хийх, бүжиглэх зэргээр бага зэргийн идэвхтэй хөдөлгөөн хийхэд л хангалттай. Сарын тэмдгийн үед дасгал хийх нь зургаан талын ашигтай байна.

Ядарч сульдахгүй

Хөнгөн, бага хэмнэлтэй дасгал хийхэд энергийн түвшин нэмэгдэнэ. Ингэснээр ядарч сульдсан мэдрэмж арилж, эрч хүчтэй болно. 

Ачаалал даах чадвар сайжирна 

Сарын тэмдэг ирснээс хойших 14 хоногийн хугацаанд дасгал хийхэд маш үр дүнтэй бөгөөд хүчний дасгалын үр өгөөж илт мэдэгдэнэ. Тогтмол дасгал хийдэг эмэгтэйчүүдийн хөлний ачаалал даах, өндөр үсрэх чадвар, уян хатан байдал сайжирсан нь судалгаагаар тогтоогджээ. 

Хэвлийн өвдөлт багасна 

Дасгал хийх үед бета-эндорфин гэх байгалийн өвчин намдаагч бодис ялгардаг учир сарын тэмдгийн үед нуруугаар хөших, хэвлийгээр хатгах зэрэг өвдөлт буурна. Хэрэв хүчтэй өвддөг бол халуун устай шил, бөөрөлзгөний цай тус болно. Эсвэл сунгалт сайн хийж, алхах, иог хийх нь тустай. Гэхдээ, нуруун дээрээ зогсох зэрэг урвуу дасгал хийх хэрэггүй. Учир нь ийм төрлийн дасгалууд нь цусны эргэлтийг урвуулдаг тул сарын тэмдгийн үед тохиромжгүй. 

Толгойн өвдөлтийг намдаана 

Зөөлхөн гүйх зэрэг хөнгөн дасгал хийх нь толгойн өвчинг намдаахад тустай. Ер нь аливаа зовиур илэрсэн үед хөнгөн дасгал хийж цусны эргэлтээ сайжруулах нь зүйтэй байна. 

Биеийн температурыг бууруулна 

Сарын тэмдгийн үед биеийн температур ердийн үеэс буурдаг гэнэ. Тиймээс таны бие энэ үед төв мэдрэлийн системийг хэт халаахгүйгээр ердийн үеийнхээс илүү их халалтыг хүлээж авах боломжтой.

Зан ааш сайжирна 

Хэрэв сарын тэмдгийн үед ааш зан хувирдаг бол өдөрт 30 минут дасгал хийх нь тустай. Дасгал хийх үед эндорфин буюу аз жаргалын гормон ялгардаг тул ааш зан хувирахаас сэргийлнэ.