Монголын мянга мянган уншигч, сонсогч, үзэгчдэд урам зориг, ухаарал, хайр бэлэглэх “Өөрөөс эхлэх амьдрал” ном уншигчдын гар дээр хүрээд удаагүй байна.

Ажилдаа амьдралаа бүрэн зориулсан, ард олны хайртай сэтгүүлч МУСГЗ, нэрт сэтгүүлч Дүгэрийн Амбасэлмаагийн амьдралын бодит түүхийг мэргэжлийг нь өвлөсөн ганц хүн болох зээ охин Б.Саруул нь өөрийн өнцгөөр харж “Өөрөөс эхлэх амьдрал” номыг бичсэн билээ.

Эмээгийнхээ мэргэжил, уран бүтээлийн онцлогоос гадна тус номондоо хувь хүнийх нь онцлог, эмээ, ээж, эмэгтэй хүн гэдэг талаас нь харуулахыг зорьсон тус бүтээлээ тэрээр даваа, нугацаа, бэршээл, саадыг даван туулан СЭТГЭЛИЙН БЭЛЭГ болгон бүтээжээ.

Аливаа зүйл бүхэн бэрхшээлтэй нүүр тулдаг ч ард нь үргэлж бэлэг нуугдаж байдаг.

Дэлбээ бүрийг нямбайлан хийн гарын ураа шингээн зүрх сэтгэлээ зориулан хийсэн цэцэгс олон өдрийн хөлс, хүч, хөдөлмөрөөр бүтэв. Хайрламаар бахармаар..

Зураг: МУСГЗ Д.Амбасэлмаа Г.Алтанзулын хамт

Гэрэлт цэцгэн хэлхээг Алтанзул цэцгийн нэртэй хөөрхөн охин урлав. Түүний хувьд цэцэг урлаач бус сэтгүүлч мэргэжилтэй.

Зураг: МУСГЗ Д.Амбасэлмаа цэцгэн самбарын урд

Эмээ нь цэцгийг самбарт бэлэн болохоор энэ хөөрхөн охинтой зургаа авхуулъя, яаж ингэж өнгөлөг сайхан яг л амьд цэцэг шиг хийгээ вэ уран гартай охин юм.

“Энэ бүгдийг эмээдээ зориулж байгаа энхрий охин чамдаа БАЯРЛАЛАА” энэ үгийг сонсох ямар гайхалтай байв даа. Энэ л цэцгийн өмнө авхуулсан дурсамж дүүрэн зурган дээр эмээгийнхээ хэлсэн үгийг эшлэл болгон хажууд нь байршуулан номондоо оруулсан билээ.

Зураг: Зээ охин Б.Саруул 108 гэрэлт цэцгэн эрхний өмнө

Эмээгийнхээ номон дээр ажиллах үедээ цэцгэн эрх хэлхэж тэр цэцэг нь бүүр гэрэлтэй байхаар төсөөлж хэнээр яаж хийлгэхээ ч мэдэхгүй уран дүрслэлдээ автаж явсныхаа дараа МӨРӨӨДЛӨӨ биелүүлээд би дэндүү их баярласан.

“Гэрэлт цэцэгс” номын нээлтийн тайз, талбайг өнгөлөн чимж яг л амьд цэцэг адил харагдах өнгөлөг цэцэгс зочдыг угтав.

Урууландаа үл ялиг инээмсэглэл тодруулан өөрөөсөө гэрэл гэгээ цацруулах эгэл хэрнээ эрхэмсэг бүсгүйн зураг эмээгийн маань залуу цагийн төрхөөр зурагдсан юм.

Номын нүүр хуудсын зургийг зураач Б.Содномдаржаагаар тусгайлан зуруулав.

Эмээд маань зориулагдсан цор ганц алчуурны ДЭЭЖ


Номын нүүр хуудасны дээрх зургаар Амбасэлмаа нэрийн тансаг торгон алчуурыг Үндэсний үйлдвэрлэгч Ялгуун брэндээр урлуулан Төв талбайн өмнө эмээдээ бэлэг болгон барьсан билээ.


Үнэгэн шаалины цаанаас цухуйх үзмэн ягаан өнгийн тансаг торгон алчууртай патераа татуулах эмээгээ харахад үнэхээр үзэмж төгс харагдаж байлаа.

Сарнай цэцгийн  навч адил гэрэлтэх тэр бяцхан зүйл бол эмээгийн маань номонд зориулсан "номын хавчуурга".

Өөрөө чамин, хээнцэр хүн учир бүх зүйлийг нь эрхэмсэг, тансаг урлахыг зээ охин би хичээсээр л байлаа. Бичиг соёлын хүн учраас хээнцэр, чамин номын хавчуургыг тусгайлан захиалж “номын баярын өглөө” бэлэг болгон барив.

Дөрвөн төрлийн хавчуурга дөрвөн өөр өнгө төрхийг илтгэж байхаар бодон эмээгийнхээ таван минутын дасгал, “Өөрөөс эхлэх амьдрал” номын нэр, мянга мянган эмэгтэйчүүдэд хүч, урам, сэтгэл бэлэглэсэн Яршиг л байна! гэсэн үгтэй номын хавчуургыг тусгайлан урлуулав.

Зураг: МУСГЗ Д.Амбасэлмаа зээ охин Б.Саруулын хамт

“Нэртэй айлын зүстэй охин байх сайхан юмаа” гэж хүмүүс хэлдэг. Гэхдээ яг үнэндээ үүний ард “хариуцлага” нуугдаж байдаг. Эмээгээ зээ охиных нь нүдээр харж бичих номын ажлыг эхлүүлэх үед зуны гурван сар надад зугаалах эрх байгаагүй. Идэх хоол, ундах нойроо хугаслан эмээгийнхээ эгэл даруу хийгээд эрхэмсэг ертөнцөд өөрийнхөө хувь тавилангаар зурсан цор ганц төөрөг зургийг буулган суухдаа би уйлаагүйгээрээ уйлж, ухаарах сөхөөгүй явсан он жилүүдээ эргэн нэг эргэцүүлэн харж, дэргэдээ байгаа бүхнээ дэндүү их хайрламаар санагдсан.

Цахим ертөнцөд эмээгийн маань хэлсэн үгийг залуус зургийнх нь хамт эшлэн буулгасан байхыг олонтоо харж байлаа. Тиймээс хэлсэн сайхан үгнүүдийг нь номын хуудсаар дамжуулан уншигч, сонсогч, үзэгчиддээ хүргэх хэрэгтэй юм байна гэж бодсон. Ингэхдээ эмээгээ студиод урьж тусгай зурагчин, үсчний хамтаар сайхан зургуудыг авч хажууд нь хэлсэн үгнүүдийг нь байршуулав.

Нэг өдөр санаандгүй цахим хуудсандаа эмээгийнхээ эрч хүчтэй, эрүүл байдгийнх нь нууц болох 5 минутын дасгалын тухай бичээд үлдээтэл мянган мянган цахим хэрэглэгчдийн анхаарлыг татаж тэр хэрээр энэ дасгалыг сурах хүсэлтэй хүмүүсийн хүсэлтэд би дарагдаж орхисон юм. 

Яг энэ хүсэлтүүдийг хүлээн авах үед би номоо эхлүүлчихсэн байсан юм. Тэгээд бодсон. Эрүүл, эрч хүчтэй байх энэхүү дасгалын нууцад нэвтрэхэд нь туслая гэж зориглосон. Дасгалыг зураг эсвэл, зөвлөмж байдлаар хүргэхэд хэцүү бас ойлгомжгүй байх гээд байсан болохоор зориуд нэг өдөр товлоод эмээгээ дасгалаа хийж байх үед нь дүрс бичлэг хийхээр боллоо. Юм бүхэн санаснаар болдоггүй юм хойно борооноос болж бичлэг хоёр ч удаа хойшилсон.

Зураг: Б.Саруул 5 минутын бичлэгийн үеэр

Хүмүүсийн хүсэлт, гуйлт санаа сэтгэлээс уяатай байсан болохоор яаж ийж байгаад л бороо шороо өнгөрөөгөөд дүрс бичлэгт буулгачих юмсан гэж бодогдоод болдоггүй. Бороог тэгтлээ их хүсэмжилдэг хэрнээ энэ удаад нар гарахыг чин сэтгэлээсээ хүлээсэн. Нартай сайхан өдөр амжиж дасгалаа авч байх тэр үeд сэтгэл нэг л өег зогссон.

Зураг: Зураач Б.Содномдаржаагийн 5 минутын дасгалын эх зураг

Миний хувьд судар лугаа адил эрдмийг олгож эрүүл мэндэд минь үлэмж нэмрийг оруулсан болохоор эмээгийнхээ энэхүү дасгалыг зурагт мөнхлөн үлдээж элгэн түмэндээ хүргэхээр зорин ажилласан нь ийнхүү биеллээ олсон юм. Гэрийнхээ аль нэгэн хэсэгт ханан дээрээ дасгалын энэхүү зургийг хуулбарлан авч наан өглөө бүхэн дарааллыг нь харж хийн эрч хүч энергиэ сэлбэж буй сайхан төсөөлөл надад номон дээр ажиллах үед бууж байсан юм.

Зураг: Бараанк болсон CD-нүүд

Ингэх зуур CD-нд маань техникийн саатал гарч дахин олон зуун CD-г бүгдийг нь эхнээс нь бичих болох үед аль хэзээний бичигдээд бараанк болсон тэдгээр CD-нүүдээ хараад гол харлаж уйлах ч багадах мэдрэмж төрж зогссон. Ном бүтэх хэвлэлийн зардлаас ангид нэмэлтээр энэхүү СD-гээ би эмээгийнхээ мянга мянган үзэгч, сонсогч, уншигчдад зориулж СЭТГЭЛИЙН БЭЛЭГ болгон бүтээсэн боловч даанч бүтэлгүйтэж орхисон.  

Эмээг маань өдий олон жил даралтны эм уулгуулаагүй, өвдөг тохой, үе мөчний өвчнөөс хол байлгасан 5 минутын дасгалын нууц надад тийм ч зөөлөн ааруул байсангүй. АЛИВ ҮНЭ ЦЭНТЭЙ БҮХЭН АМАР ХЯЛБАР ОЛДДОГГҮЙГ тархи толгойд минь гүнээ суулгасан 5 минутын дасгал байгалийн болоод техникийн бэрхшээлийг даван туулж уншигч, сонсогч, үзэгч олон түмэнд хүрэхээр номны хавтсанд хүндтэй байр суурь эзлэн орохыг нь хараад өнөөх нулимс бүрхэж уйлах шахаж байсан өдөр хоногууд ард үлдэж CD-гээ үнсээд авмаар сайхан мэдрэмж төрж байсан юм шүү. 

Энэ бүх саад бэрхшээл, даваа нугачаа, хөдөлмөр зүтгэлээр бүтээсэн зүйлсээ эмээгийнхээ мэндэлсэн өдөр алд цэнхэр хадган дээр дээжлэн барихдаа би сэтгэлээ барьж чадаагүй.

Эмээгийн минь сүүн цагаан сэтгэл шингэсэн цагаан идээний дээж, цалин цагаан мөнгөн аяга, сүүн цагаан хадгийг хараад сэтгэл догдлон суух юутай сайхан гэж санана.

Эмээ бид хоёр нэг өдрийн наана цаана төрсөн юм. Эмээ 09.10-нд, харин би 09.11-нд төрсөн болохоор эмээгээ баярлуулсныхаа дараа ийм сайхан бэлгийг дээжлэн авсан юм. Эмээдээ бэлэг барих гэсэн өчүүхэн охиныхоо бүтээл дээр чин сэтгэлийн үгээ бичиглэн үлдээсэн хайрт эмээгийн минь зүрхний халуун үг.

Ингэж би хуудас бүрт хайраа шингээж эмээгийнхээ тухай номыг өлгийдөн авсан юм. Эмээгийн минь амьдрал, уран бүтээлийн түүх хутгаад авахад ус шиг арвин ч гэлээ. Ухаан эвээр тайлах амаргүй зангилаа байсан юм.

Эмээдээ зориулсан цаг, хугацаа, байгаа чадлаараа зарцуулсан хөрөнгө мөнгө, хүч, сэтгэлийг номын бүтээл мянгантаа борлогдсон ч нөхөж үл чадах миний хувьд ҮНЭТ ӨВ болон бүтсэн билээ.

Энэ амьдралын түүх уншигч танд жаргал эдлэх ухаан, зовлон даах нуруу, бусдыг энэрэх хайр, өөрийгөө чиглүүлэх залуур, зорилгоо урагшлуулах хүч, дурсамжтай амьдрах хүсэл хайрлах болтугай.