БОАЖЯ-ны сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийлээ. Тэрээр Ерөнхий сайдын өгсөн даалгавартай холбоотойгоор Тост, Тосон бумбын ордод үйл ажиллагаа явуулж буй Сауд гоби коэл транс ХХК-ний тусгай зөвшөөрлийг цуцалж байгаагаа мэдэгдлээ. 

Ийнхүү Тост, Тосон бумбын нурууг бүхэлд нь улсын тусгай хамгаалалтад авах үүрэг өгсөн байна. Уг асуудлыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх юм.

Энэ үеэр БОАЖЯ-ны сайд Н.Цэрэнбат “Энэ бол хууль мөрдөж ажилладаггүй компаниудад сануулга болсон үйл явдал. Цаашид Нарийн сухайтын бүлэг ордыг түшиглэсэн 34 лиценз дээр шалгалт оруулж, хууль зөрчсөн компаний тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна” гэлээ.

Сонирхуулбал, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн эзэмшлийн гэгддэг Сауд гоби коэл транс ХХК нь 2011 онд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө батлуулж тухайн жилд 134 цооног, 63 суваг малталтын ажил, 2012 онд 13 цооног өрөмдөж дөрвөн суваг малталт, 2014 онд 18 цооног зургаан суваг малталтын ажлыг хийсэн байна. 

Мөн 2012 онд тус компани нь хэсэгчилсэн ашиглалтын МҮ-017038 ашиглалтын тусгай зөвшөөрөл, үлдсэн хэсэгт 2015 онд МҮ-019036 ашиглалтын тусгай зөвшөөрөл авчээ.