Улаанбаатар хотын байгаль орчин, экосистемд чухал ач холбогдол бүхий ус, намаг, ой, ховор ургамал, амьтад бүхий Сэлбэ голын эхийн 2071.5 га газрыг хамтарсан менежменттэй анхны парк болголоо.

Энэ нь бие даасан байгаль хамгаалагчтай, тохижуулсан аяллын замтай, байгаль орчны төслүүдийг жишиг байдлаар хөгжүүлсэн, паркийн бүс нутаг зэрлэг амьтад ихтэй гэдгээрээ онцлог гэнэ.

Энэхүү паркт байгальд хор учруулалгүйгээр судалгаа, шинжилгээ хийх, гэрэл зураг авах, видео бичлэг хийх, явган болон ердийн хөсөгтэй аялал хийхийг зөвшөөрөх бол амьтан агнах, барих, галт зэвсэг, загасны уурга, хавх, урхи авч орохыг хориглох юм.

Мөн зөвшөөрөх бичиггүй самар, жимс түүж бэлтгэх, 40 децибеллээс чанга дуу чимээ гаргах, нэгдсэн хогийн цэгээс өөр газарт хог хаях, ариун цэврийн байгууламжаас өөр газарт бие засах, тогтоосон зам, чиглэлээс өөр газраар явах, шинэ зам гаргах, моторт тээврийн хэрэгсэл ашиглах, барилга байгууламж барих, худаг гаргах зэргийг хориглосон байна.

Түүнчлэн авто машины зогсоол, халтиргаатай, замын бартаатай хэсгүүдэд гүүр, хайрган хучилттай явган зам гаргасан зэргээр цогц арга хэмжээ авчээ.

Сонирхуулбал, улсын хэмжээнд нийт 27.9 сая га талбай бүхий 102 газрыг улсын тусгай хамгаалалтад авсан бөгөөд эдгээрийн хамгаалалт, менежментийг улсын төсвөөс санхүүжүүлдэг байна.

Дээрх паркийн тохижилтын ажлыг есдүгээр сард эхлүүлсэн бөгөөд Цохиот хад, Борын рашаан руу явах замыг мөн тохижуулжээ.