Баяр наадмын өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Алтанбулаг суманд долоон удаагийн ой хээрийн түймэр гарсан юм. Түймэр гарсан дээрх сумын нутагт хур тунадас ороогүйн улмаас хуурайшилт өндөр зэрэглэлтэй байжээ. Тэгвэл Онцгой байдлын алба хаагчид Сэлэнгэ аймгийн нутагт дэвсгэрт асаж байсан хоёр түймрийг цурманд оруулж бүрэн унтраалаа. 

Тодруулбал, энэ сарын 11-нд Ерөө сумын Халуун рашаан гэх газарт ойн түймэр гарсан дуудлагыг хүлээн авч өчигдөр 15:00 цагт унтраан Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид хүлээлгэн өгчээ.

Мөн Мандал сумын Тарни багийн Атаа гэдэг ууланд энэ сарын 12-нд ойн түймэр гарсан дуудлагыг хүлээн авч 18:40 цагт унтраасан байна. Дээрх түймрийг унтраахад Сэлэнгэ болон Дархан-Уул аймгийн ОБГ-ын 69 алба хаагч, гурван машинтайгаар ажилласан байна.

Он гарсаар нийслэл болон Булган, Баян-Өлгий, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн 43 суманд нийт 90 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ.

Түймрийн улмаас урьдчилсан байдлаар 49,593.8 га ой, 250,839.2 га хээрийн талбай түймэрт өртөж 13 байшин, гурван гэр шатсан байна. Дээрх түймэрт Онцгой байдал, хилийн цэрэг, цагдаа, орон нутгийн иргэд нийлсэн 3850 хүн, 484 техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна.