Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Шандын давааны авто зам эвдрэл ихтэйгээс үүдэн ургацын тээвэрлэлт хийхэд ихээхэн хүндрэлтэй байжээ. Тариаланчид уг асуудлыг салбарын сайддаа уламжилснаар Засгийн газрын нөөц хөрөнгөөс 171.1 сая төгрөг гаргаж замыг засахаар боллоо.

Мөн тариаланчид хурааж авсан буудайгаа улсын үйлдвэрүүдэд худалдахын тулд ургац хураалтын ажил дуустал буудай, гурилыг импортыг хязгаарлаж өгөхийг хүсчээ.

Хүсэлтийн дагуу дотоодын ургацын буудай худалдан авсан гурилын үйлдвэрүүдэд зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх гэнэ. Ингэснээр тариаланчдын хураасан ургац дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадвал импортоор улаан буудай, гурил авахгүй юм байна.

Түүнчлэн ургац хураахад ажиллах хүч дутагдаж байгаа тул цэргүүдийг дайчлахаар боллоо.

Сануулбал, ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр хүлэмжийн аж ахуй эрхлэгчидтэй уулзаж, тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар ярилцсан юм.

Улмаар хүлэмжийн аж ахуйн хэрэглээний эрчим хүчийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулахаар шийдвэрлэжээ. Учир нь, хүлэмжийн аж ахуйг жилийн дөрвөн улиралд эрхлэхэд маш их цахилгаан шаардагддаг байна.