Сэлэнгэ аймгийн хэмжээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг үр тарианы 350 ААН, 150 иргэн 305.5 мянган га эргэлтийн талбай эзэмшиж үйлдвэрлэл явуулж байна.

Тус аймагт ургац хураалтын ажил 46 хувьтай үргэлжилж байгаа ба цаг агаараас шалтгаалан хоцорч байгаа ч ургацаа 100 хувь авахаар төлөвлөжээ.

Энэ үеэр тариаланчид будаа, тариа, ногоогоо тээвэрлэдэг Будааны зам гэгддэг 110 гаруй км шороон замыг засмал болгож өгөхийг Ерөнхий сайдаас хүссэн байна.

Мөн нэрийн брэнд гаргахаар ажиллаж байгаа талаараа аймгийн засаг дарга Ш.Оргил танилцууллаа. Тэрээр "Сэлэнгийн төмс гээд газар сайгүй худалдаалдаг ч үнэндээ Сэлэнгэ сорт гэж байхгүй. Тиймээс нэрийн сорт, брэнд гаргахаар Элит үр компанитай хамтран ажиллаж байна” гэсэн юм.

Сануулбал, Сэлэнгэ аймгийн 16 сум тариалангийн бүс нутагт багтсан бөгөөд жилд дунджаар 180 мянган га-д үр тариа, тэжээл, тосны ургамал тариалж, 140 гаруй мянган га-д уринш бэлтгэдэг байна.