Манай улсад нэг өдрийн айлчлал хийж буй Оросын батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.

Ерөнхийлөгч АСЕМ-ын уулзалтад оролцохоор Бельгийг зорьсон учир шагналыг УИХ-ын дарга М.Энхболд гардуулан өгсөн байна.

Шойгу айлчлалынхаа хүрээнд Цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөрт гарын  үсэг зурж, манай улсын Зэвсэгт хүчинд нисэх буудлын техник, тоног төхөөрөмж бэлэглэсэн юм.

Мөн ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхаж, хоёр орны хоорондох худалдааны эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, төмөр зам, байгалийн хий дамжуулах хоолой барих зэрэг асуудлаар ярилцсан байна.

С.Шойгу нь 2001 онд Оросын Онцгой байдлын сайд байхдаа манай улсад айлчилж, малчдад хүргэх тусламжийг авчирч байсан юм.

Ерөнхийлөгчийн зарлигт:

“Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын найрсаг харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх болон хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, Монгол Улсын Зэвсэгт хүчнийг бэхжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж Оросын Холбооны Улсын Батлан хамгаалахын сайд, Армийн генерал Сергей Кужугетович Шойгуг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэжээ.