Хаваржилтын байдал, үлийн цагаан оготнотой тэмцэх ажилтай танилцах зорилгоор ХХААХҮЯ-ны сайд Ч.Улаан Төв аймгийн Сэргэлэн суманд ажиллалаа.

Тус сум нь аймаг орон нутгийн төсвийн 207 сая төгрөгөөр бактержуулсан бэлдмэл худалдан авч үлийн цагаан оготнотой микробиологийн аргаар тэмцэх ажлыг зохион байгуулж байгаа юм. Учир нь Сэргэлэн сумын бэлчээрийн 215 мянган га талбайд үлийн цагаан оготно тархсан байна.

Тиймээс мэргэжилтнүүд хаврын улиралд бэлчээрийн ногоо ургахаас өмнө бактержуулсан будаа ашиглан тэмцэх нь үр дүнтэй гэж үзжээ. Салбар яамнаас Төв аймгийн бэлчээрийн 42 мянган га талбайд үлийн цагаан оготнотой тэмцэх ажил зохион байгуулахаар гэрээ байгуулсан байна.

Сүүлийн жилүүдэд үлийн цагаан оготно тархалт хүрээгээ тэлж Монгол орны 17 аймгийн 109 сумын нутаг дэвсгэрт 40 сая га талбайд тархсан байгааг судалгаагаар тогтоожээ. Үлийн цагаан оготно хүрээгээ тэлснээр сөл шимтэй ургамлаар хооллон бэлчээрийн ургамлыг 90 хувь хүртэл сүйтгэдэг байна.