Түүний ач охин Б.Саруул эмээгийнхээ мэргэжил, уран бүтээлийн онцлогоос илүү эмээ, ээж, эмэгтэй хүн гэдэг талаас нь номдоо харуулахыг зорьжээ. Тэрээр эмээгийнхээ мэргэжлийг өвлөсөн ганц хүн нь бөгөөд эмээгийнхээ тухай бичсэн “Өөрөөс эхлэх амьдрал” номын нээлт боллоо.

Д.Амбасэлмаа ач охины хамт

Номын тухай товч сийрүүлбэл, гэр бүлийн нандин түүх, эмээгийн сургаал, Д.Амбасэлмаа гуайн өдөр тутмын хэмнэл, өглөө бүр хийдэг эрүүл саруул аж төрөхүйн нууц таван минутын дасгал зэрэг амьдралын нандин дурсамжууд нь номд багтжээ.

Одоогоор номыг худалдаалах эрхийг зөвхөн Интерном албан ёсоор авсан байна.

Номыг худалдан авахыг хүсвэл Интеромын Улаанбаатарын таван салбар дэлгүүр, орон нутгийн 21 салбар дэлгүүрээс авах боломжтой. Түүнчлэн гадаадад ажиллаж амьдарч буй иргэд шуудангаар, завгүй хүмүүс онлайнаар авч болох гэнэ.

Номын тухай товчхон

Жаран жил үзэг, микрофондоо үнэнч байж. Сэтгүүлзүйн салбарт хагас зуун жил ажиллахдаа дарга хийгээгүй цөөхөн сэтгүүлчийн нэг. Зөвхөн бичиж, сурвалжилж, нийтлэх “сэтгүүлчийн жинхэнэ хөдөлмөр”-өөрөө ажиллаж амьдарч ирсэн.

Амбасэлмаа сэтгүүлчийн царайг хараагүй мөртлөө дуугаар нь Монголын ард түмэн таньж бүтээл, сурвалжилга, нэвтрүүлгүүдээр нь түүнийг мэддэг. Тэрээр эгэл жирийн хүмүүсийн амьдралыг сурвалжилсан. Бичиж нийтлүүлсэн материалыг нь үзэхэд одоогийн сэтгүүлчдийн хэлдгээр улстөр гэсэн "том сэдэв"-ийг тойрсон сэтгүүлч.

Ажилдаа амьдралаа бүрэн зориулсан, ард олны хайртай сэтгүүлч, арагш биш урагш тэмүүлж явсан гал цогтой эмээгийнхээ мэргэжил, уран бүтээлийн онцлогоос илүү тус номондоо эмээгийнхээ хувь хүнийх нь онцлог, эмээ, ээж, эмэгтэй хүн гэдэг талаас нь харуулахыг зорьжээ.

Ингэхдээ гэр бүлийн нандин түүх, эмээгийнхээ сургааль,бага балчир наснаас ой дурсамжинд нь үлдсэн бодит түүхийг сөхөн баримтжуулсан байна.

Амьдралын туршлага, өдөр тутмын хэмнэл, хэрхэн биеэ сайхан авч явж, амьдралдаа сэтгэл хангалуун бүсгүй, ээж байхын нууц гээд эмэгтэй хүн бүрийн мэдвэл зохих ном сурах бичгээс суралцах боломжгүй үнэт зөвлөгөө оржээ.

Хамгийн сонирхолтой нь сэтгүүлч Амбасэлмаагийн залуу наснаасаа өглөө бүр ганц ч өдөр алгасалгүй хийдэг, өдгөөг хүртэл эрүүл саруул аж төрж буйн бяцхан “нууц” болох 5 минутын дасгал нь хүртэл тус номд бичлэгтэйгээр багтсан ажээ.

Нүүр номын хуудсыг зураач Б.Содномдаржаа зурж энэхүү бүтээлийг Үндэсний үйлдвэрлэгч Ялгуун брэнд Амбасэлмаа нэрийн 100 хувийн торгон тансаг алчуур болгон тусгайлан гаргажээ.


“АМБАЛАА БОЛ УУЛЗАХ БҮХЭНД ШИНЭ, УНШААД ДУУСАХАД ХАЙРАН, ТУУЛААД БАРАХГҮЙ ЕРТӨНЦ ЮМ”