Малайзад амиа алдсан Ш.Алтантуяагийн хэргийн шүүх хуралд талийгаачийн том хүү Б.Мөнгөншагай болон үеэл Г.Намираа нар мэдүүлэг өглөө. Б.Мөнгөншагай 2006 онд ээжийгээ амиа алдах үед есөн настай байсан ба үүнээс хойш нэрээ сольж Б.Баярхүү болгосон байна.

Тэрээр хурлын үеэр, “Ээжийгээ нас барсныг сонсох мөчид өөрийгөө их азгүй гэж бодож байлаа. Тэгтэл Малайзад амиа алдсан гэдгийг нь мэдээд уур  хүрч буруутай этгээдүүдийг нь үзэн ядсан. Ээжийн үхлээс болоод найзуудын маань эцэг эх надтай битгий тогло гэж хэлдэг байсан” гэжээ.

Б.Мөнгөншагай ээжийгээ нас барсны дараа гурван жилийн турш хамаатнуудтайгаа амьдарсан бөгөөд ээжийнхээ үхлийн талаар их мэдээлэлтэй болсон байна. Талийгаачийн хоёр хүүг өвөө, эмээ нь өсгөсөн бөгөөд Б.Мөнгөншагай гэрийнхээ санхүүд нэмэр болохын тулд гудамжинд CD, DVD зарах зэрэг ажил хийдэг байжээ. Тэрээр ээж, дүүгийнхээ хамт кино, тоглоомын талбай, зугаалганд явдаг байсан ба ээжийгээ хайр татам, адал явдалд дуртай эмэгтэй байсан гэж дурссан байна. Талийгаачийн бага хүү М.Алтаншагай ээжийнхээ үхлээс болж цочирдон бага насандаа хөгжлийн бэрхшээлтэй болсон бөгөөд 2017 онд 15 насандаа хорвоог орхижээ.

Харин талийгаачийн үеэл Г.Намирмаагийн өгсөн мэдүүлгээс үзэхэд хэргийн сэжигтэн Абдул Разак Багинда нь Ш.Алтантуяаг Малайзын засгийн газрын шумбагч онгоцны нууц гэрээнд орчуулагчаар хөлсөлсөн гэнэ. Мөн Багинда өмгөөлөгчдөө талийгаачийг эхнэрээ гэж танилцуулсан бөгөөд хамтдаа хүүхэдтэй болохыг хүсэж байгаа гэжээ.

Ш.Алтан­туяагийн хэргийн тухай

Шаарийбуугийн Алтан­туяа нь 2004 онд Хонконгт Малайзын аюулаас хамгаалахын ажилтан, Стратегийн судалгааны төвийн захирал Абдул Разак Багинда гэгчтэй танилцсан байна. Багинда нь тухайн үеийн ерөнхий сайд асан Нажиб Разактай ойрын холбоотой байсан бөгөөд түүнийг Ш.Алтан­туяатай холбож өгчээ. Улмаар талийгаач гадаадаас шумбагч хөлөг худалдан авах нууц хэлэлцээрт орчуулагчаар ажилласан байна.

Харин тэрээр 2006 онд үеэлийнхээ хамтаар Малайзад ирж өөрийн хувь болох 500 мянган долларыг авахыг хүссэн ч түүнд хөлсийг нь өгөхөөс татгалзжээ. Гэтэл 2006 оны 10 сарын 19-нд цагдаа нар Ш.Алтан­туяагийн цогцсыг олсон байна. Шинжээчдийн дүгнэлтээр түүний толгой руу нь буудан хороож цогцсыг “С4” гэх тэсрэх бодисоор дэлбэлсэн нь тогтоогджээ.

Малайзын дээд шүүх 2009 онд аллагын сэжигтэн Сирул Азар Омар, Азила Хадри нарт цаазын ял оноосон юм. Гэвч давж заалдах шатны шүүх хурлыг 2013 онд болгон хойшлуулжээ. Харин 2015 онд Холбооны шүүх тэдний ялгыг хэвээр үлдээсэн ч  Азар Омар Австрали руу оргон зайлсан ба Австралид саатуулагдсан байна. Харин Багиндаг хэрэгт холбоотой гэх нотлох баримт хангалтгүй байсан тул суллажээ.

Эх сурвалж: The Star, Channel news asia