АТГ-аас энэ сард 382 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж 18 хэргийг шүүхэд шилжүүлж, 27 хэргийг хаах санал гаргаж, хоёр хэргийг харъяаллын дагуу шилжүүлж нэг хэргийг түдгэлзүүлжээ. Мөрдөн шалгасан хэргийн 13.8 хувийг шийдвэрлэсэн байна.

Эдгээрээс олны анхаарлын төвд байсан дараах хэргүүдийн талаар мэдээлэл хүргэе.

Саяхан Арбитрийн шүүхээс Эрдэнэтийн 51 хувьтай асуудлаар шийдвэр гарч манай талаас нөхөн төлбөр төлөхөөр болоод байгаа юм.

Тэгвэл Эрдэнэтийн 51 хувийг барьцаалж зээл авсан Жастын Ш.Батхүүгийн хэргийн аудит болон эдийн засгийн үнэлгээ гарсан байна. Энэ хэрэгт 10 гаруй дугаартай хэрэг шалгагдаж байгаа бөгөөд ойрын үед шүүхэд шилжүүлэхээр болжээ.

Харин экс ерөнхий сайд нарын хэрэгтэй холбоотой зарим шинжилгээний дүгнэлт гарч байгаа гэж АТГ-аас мэдэгдлээ. Мөн 60 тэрбумын асуудлаар хамтарсан ажлын хэсэг байгуулагдан ажилласнаар, дахин сэргээгдэж шалгагдаж байгаа гэнэ.

Түүнчлэн АТГ-ын дарга Х.Энхжаргалын 19 настай охин Шарын гол компанийн ТУЗ-ийн даргаар ажилладаг гэх мэдээлэл цацагдаж, олон нийтэд ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй талаар хардлага үүсээд байсан юм.

Харин албаныхан АТГ даргад 19 настай охин байхгүй гэж мэдэгдлээ. Тухайлбал уг мэдэгдлийг олон нийтийн сүлжээнд АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн гишүүн н.Пүрэвбаатар тавьсан гэнэ. ‘Тус зөвлөлөөс АТГ-ын үйл ажиллагаа болоод нэр төрийг харлуулах гэсэн мэдэгдэл удаа дараа хийж байна. Энэ хэргийг цагдаагийн байгууллагад шалгуулна’ гэлээ.