Хотын даргын зөвлөлийн хуралдаанаар сайжруулсан шахмал түлшний агуулах болон борлуулалтын цэгт хийсэн хяналт шалгалтын талаар хэлэлцлээ. Одоогийн байдлаар шахмал түлш борлуулах 240 борлуулагчтай гэрээ байгуулж Амгалан, Дөлгөөн нуурын баазад 20 мянга орчим тонн түлш нөөцлөөд байна. 

Мөн сайжруулсан шахмал түлшийг авахдаа ашиглах Сайн нэртэй смарт карт энэ сарын 26-30-нд бүрэн хэвлэгдэж дуусна гэж мэдэгдлээ.  

Нэг картаар гурван тонн түлш худалдан авах эрхтэй ба иргэд түлш худалдан авахдаа картаа гэрээт борлуулагчийн аппликейшнд уншуулж, үндсэн эрхээсээ хасуулан тооцно. Сайн смарт картыг харьяа хороогоор дамжуулан айл өрх бүрт үнэ төлбөргүй тараах юм. 

Энэ үеэр хотын дарга С.Амарсайхан есдүгээр сарын нэгнээс өмнө ашиглалтад байгаа дундын 40 агуулах, 504 цэг шаардлагатай түлшийг нөөцөлж бүрдүүлэхийг даалгасан байна. 

Засгийн газрын 62-р тогтоолоор нийслэлд ахуйн зориулалтаар нүүрс оруулахыг хориглосон юм. Ийнхүү гэр хорооллын 120 мянган өрхийн өвлийн түлшний хэрэгцээг 600 мянган тонн шахмал түлшээр орлуулахаар болсон байна. Гэвч одоогийн байдлаар шахмал түлшний нөөцлөлт хангалтгүй хэмжээнд байгаа юм.