Тус хуулийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа хоёрдугаар сард, С.Бямбацогт нарын 16 гишүүн зургадугаар сард өргөн мэдүүлсэн байна.

Хуулийн шинэчилсэн найруулгаар дараах нэмэлт, өөрчлөлт, зохицуулалтыг тусгажээ. Үүнд,

  • УИХ-ын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор гишүүд хуралдааны ирц бүртгүүлэх, асуулт асуух, үг хэлэх, цахим тоолуураар санал өгөхдөө хурууны хээгээр өгөх
  • Гишүүдийн чуулганы болон Байнгын хорооны хуралдааны ирцийн мэдээг сар бүр олон нийтэд мэдээлэх
  • Хүндэтгэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй бол тасалсан өдрийн цалинг хасах
  • Гишүүн хэлэлцэж буй асуудалтай холбогдолгүй асуудлаар үг хэлвэл хуралдаан даргалагч нэг удаа сануулах, сануулгыг зөрчвөл үг хэлэх хугацааг дуусгавар болгох зохицуулалтуудыг шинээр тусгасан байна.

Мөн УИХ-ын шийдвэрийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн, Цэцээс хүчингүй болгосон тохиолдолд хуульд нийцүүлэн өөрчлөлт оруулах, Байнгын хороогоор хэлэлцэж, холбогдох байгууллага, албан тушаалтны мэдээллийг сонсох дэгийг тогтоохоор заажээ.

Түүнчлэн чуулганы хуралдаанд тайлбар хийж, асуултад хариулж байгаа албан тушаалтан бодитой, үнэн зөв мэдээлэл өгөхийг үүрэг болгох, хуралдааны үед авсан мэдээлэл, тайлбар хангалтгүй гэж үзвэл гишүүний саналаар хоёр удаа тус бүр нэг минутаас илүүгүй хугацаанд тайлбар авах, асуулт асуух зэрэг зохицуулалтыг шинээр тусгасан байна.