Хятадын Шанхай хот эдийн засгаа дэмжиж байгаль орчноо хамгаалахын тулд хог хаягдлаа ангилж эхэллээ. Ингэхдээ 300-500 өрхийн дунд нэг хогийн цэг байрлуулах ба хувь хүн, ААН-үүд хогоо хуурай, шингэн, дахин боловсруулах, хортой гэсэн төрлөөр ангилж хаях юм. 

Мөн сав, лааз, хайрцаг зэргийг хаяхдаа доторхыг нь асгаж цэвэрлэн хогийн саваа угаах ёстой байна. Үүнийг сайн дурын ажилтнууд шалгаж журмын дагуу ангилаагүй хувь хүнд 200 юань, ААН-д 50 мянган юань хүртэлх торгууль ногдуулах юм. 

Мөн иргэдийн санхүү, нийгмийн оролцоонд өгөх үнэлгээг нь бууруулж шийтгэх ба бага үнэлгээтэй хүмүүсийг ажил, сургуулиас нь чөлөөлөх, онцгой тохиолдолд онгоцоор нисэх, олон нийтийн газраар явахыг нь хориглох гэнэ. 

Шанхай хотын удирдах газар Даваа гарагт л гэхэд 623 албан байгууллагад сануулга хүргүүлсэн байна. Тус хотын иргэд болон албан байгууллагууд уг журмыг эерэгээр хүлээж авсан ч санамсаргүй тохиолдлоор буруу ялгах асуудал үүсэх магадлалтай гэж үзжээ. 

Тухайлбал, зочид буудлууд их хэмжээний хог хаядаг учир нэг удаагийн шүдний сойз, үсний сам зэргийг хориглосон байна. Мөн зарим хоол хүргэлтийн газрууд үйлчлүүлэгчийн хаягдлыг авч яваад ялгах хямд үйлчилгээ нэвтрүүлээд байгаа юм. 

Үүнээс гадна Хятадын харилцаа холбооны компани хог хаясны төлөө мөнгө төлдөг систем танилцуулсан ба зарим технологийн компаниуд хогийг зөв ангилахад туслах онлайн тоглоом хөгжүүлсэн байна. 

Дэлхийн хамгийн олон буюу 24 сая хүн амтай Шанхай хотын иргэд өдөрт 26 мянган тонн хог хаядаг ба үүний 10 хувийг л дахин боловсруулдаг юм. Хятадын засгийн газар 2017 онд 46 хотод хог хаягдлын менежмент хийж 2020 он гэхэд нийт хаягдлын 35 хувийг дахин боловсруулах зорилт тавьжээ. 

Эх сурвалж: Xinhua, BBC