Уулзвар дээрх зохиомол түгжрэлийг зохицуулах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах үүднээс нийслэлээс ТЦА болон холбогдох байгууллагатай хамтран 200 сая төгрөгөөр уулзварын шар тэмдэглэгээг хийж эхэлсэн юм.

Замын хөдөлгөөний дүрэмд уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч гэрэл дохио ассан эсэхийг үл хамааран уулзвар руу орохыг хориглосон заалт байдаг.

Гэвч амьдрал дээр энэ заалт хэрэгжихгүй байгаагийн улмаас уулзварын нэвтрүүлэх чадвар чагтлагдаж, түгжрэлийг дээд цэгт нь хүргэж байгаа юм. Харин энэ сарын 20-оос эхлэн шар тэмдэглэгээтэй уулзварууд дээр хяналтын камерын автомат систем ашиглан түгжрэлийг бууруулах ажил эхлэнэ.

Үүнтэй холбоотойгоор гэрэл дохио зөрчсөн болон уулзвар ачаалалтай үед нэвтрэхээр орсон болон эгнээ байраа буруу эзлэн уулзвар дээр гарч зогсох зэрэг зөрчлүүдэд хариуцлага тооцож, торгуул бичих юм.

Харин зөвшөөрсөн гэрэл дохио асах үед уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгслийн жолооч, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгч байгаа жолооч нарт хариуцлага тооцохгүй байхаар програмчилжээ.

Энэхүү замын хөдөлгөөний журам нь шинэ зүйл бус харин дээрх заалтыг хэрэгжүүлж бодит үр дүнд хүрэх боломж гэдгийг албаныхан хэллээ. Мөн энэхүү шар тэмдэглэгээний журам хэрэгжиж эхэлснээр түгжрэлийг 20-30 хувь буруулна гэж тооцоолжээ.