Засгийн газрын хазаарлаж чадахгүй ганц зүйл нь шатахууны үнэ болоод байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард хоёр удаа нийт 130 төгрөгөөр нэмэгдэж, 1860 төгрөгт хүрээд байсан шатахууны үнэ дахин нэмэгдлээ. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд хотын захад байрлах ШТС-аас эхлэн АИ-90 80 төгрөгөөр нэмэгдэж, 1940 төгрөгт хүрээд байна.

Ийнхүү шатахууны үнэ дахин нэмэгдсэн шалтгааны талаар Ашигт малтмал газрын тосны газраас ямар ч мэдээлэл хийгээгүй байгаа юм. Гэхдээ өнгөрсөн сард тэдний мэдээлснээр Ираны газрын тосны экспортод тавьсан Америкийн хоригоос болж дэлхийн зах зээлд үнэ өссөнөөр манай улсад нийлүүлэх Оросын хилийн үнэ нэмэгдэж байгаа гэсэн юм.

Мөн тэд дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурвал дотоодод ч буурна гэжээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээлд баррель газрын тосны үнэ 81.89 доллар байгаа ба энэ нь өнгөрсөн сараас 0.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Засгийн газрын зүгээс үнийг тогтвортой барихын тулд А-80, АИ-92 шатахууны онцгой албан татварыг тэглэсэн ч уг шийдвэрээс хойш нийт 250 төгрөгөөр хямдарснаас өөр ямар ч эерэг үзүүлэлт гарахгүй байгаа юм. Тодруулбал, 12 сарын 25-нд 45-50 төгрөгөөр, мөн сарын долоонд 50-100 төгрөгөөр буурчээ.

Трампын хоригоос болж манай Засгийн газарт захирагдахаа больсон гэгдэх шатахууны үнэ нэмэгдэхээр өргөн хэрэглээний барааны үнэ дагаад өсдөг бичигдээгүй хуультай. Махны эрэлт ихсэж, үнэ нь тэнгэрт хадсан энэ үед шатахууны үнэ ийнхүү дахин нэмэгдэж байгаа нь иргэдийн амьдралд томоохон дарамт учруулж байна.