АМГТГ-аас шатахууны үнэтэй холбоотой мэдээлэл хийлээ. Тэд өчигдрөөс эхлэн АИ-92 болон 95 бензиний үнэ 50 төгрөгөөр буурсан гэж мэдэгдлээ. Гэвч сүүлийн үед түүхий газрын тосны үнэ өсөх хандлагатай байгаа ба өнөөдрийн байдлаар Брент газрын тос 64 доллараар худалдаалагдаж байна. 

Газрын тосны үнэ дэлхийн зах зээлд буурахад дотоодод хямдрах бодлого барьж байгаа ба үндэслэлгүйгээр шатахууны үнийг нэмсэн тохиолдолд АМГТГ-аас тусгай зөвшөөрлийг цуцална гэж мэдэгдлээ. Манай улс газрын тосны бүтээгдэхүүний 95 хувийг Оросоос авдаг ба хагас жилийн байдлаар 960 мянган тонн газрын тос импортолсон байна. 

Он гарсаар АИ-92 үнэ гурван удаа өсөж, литр тутамдаа 180-200 төгрөгөөр нэмэгдсэн юм. Харин зургадугаар сараас дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурсантай холбоотойгоор шатахууны үнийг 45-50 төгрөгөөр бууруулсан байна. 

Сануулбал, дэлхийн зах зээлд дизель түлшийн үнэ нэмэгдээгүй байхад тавдугаар сард үнийг 40 төгрөгөөр нэмэгдүүлсэн юм. Ийнхүү үндэслэлгүйгээр үнийг нэмсэн нь тогтоогдсон тул АМГТГ-т үнэ нэмсэн шалтгаанаа ирүүлэхгүй бол тусгай зөвшөөрлийг цуцална гэжээ. Гэвч өнөөдрийн байдлаар ААН-үүд үнэ нэмсэн шалтгаанаа тайлбарласан эсэх нь тодорхойгүй байна.