Энэ сарын 25-наас эхлэн АИ-92, 80 бензиний жижиглэнгийн үнэ Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор аймгаас бусад газарт 45-50 төгрөгөөр буурлаа. Цаашид ч үүнийг бууруулна гэдгийг УУХҮЯ-аас мэдэгдэж байна.

Роснефть компаниас манай улсад нийлүүлж буй шатахууны нэгдүгээр сарын хилийн үнэ өмнөх сартай харьцуулахад тонн тутамдаа  86-107 доллароор буурч, АИ-92 бензин 531 доллар/тн, дизелийн түлш 599 доллар/тн болжээ.

Дотоодын шатахуун ердийн хэрэглээний нөөц буюу А-80 бензин 88, Аи-92 бензин 28, дизелийн түлш 23, ТС-1 онгоцны түлш 21 хоногийн нөөцтэй байна.

Улсын хэмжээнд байгаа шатахуун импортлох тусгай зөвшөөрөлтэй 120 гаруй компани Орос, Хятад, Солонгос зэрэг 18 улсаас өнгөрсөн сард 1006.2 мянга гаруй газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. Харин олон улсад түүхий газрын тосны үнэ баррель нь 45.21-57.74 долларын үнэтэй байна.  

Сануулбал, энэ сарын долоонд АИ-92 бензиний үнэ улсын хэмжээнд 100 төгрөгөөр буурсан юм.