Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас  Ил тод, хариуцлагатай уул уурхай хэвлэлийн бага хурал хийлээ. 

Уул уурхайн салбар өнгөрсөн онд 2.9 их наяд төгрөгийг улсын төсөвт оруулсан ба энэ нь 2018 оноос 25.4 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн гадаад худалдааны эргэлт 13.8 тэрбум төгрөгт хүрч, 6.7 хувиар өссөн байна. 

Хэвлэлийн бага хурлын үеэр шатахууны үнийг тогтворжуулах, олон улсын санхүүгийн хэрэгсэл Хеджинг хийх аргыг ашиглах гэж байгаа талаар мэдэгдлээ. 

Шатахууны үнийг тогтворжуулах Хеджингийг Сингапурын BDO сантай хамтран зургаан сарын хугацаанд хийх юм. Ингэснээр АИ-92 шатахууны үнэ цаашид өсөхгүй гэнэ. 

Хеджинг буюу эрсдэлээс хамгаалах арга нь ирээдүйд бараа, валют, үнэт цаас зэргийг худалдах, худалдан авахад үнийн хэлбэлзлээс үүдэн гарах алдагдлаас хамгаалах ажиллагаа юм. 

Үүнээс гадна Роснефть компанийн дор охин компани байгуулах тогтоолыг Засгийн газар баталсан гэж УУХҮЯ-ны сайд Д.Сумъяабазар мэдэгдлээ. 

Манай улс хагас жилд 200 орчим мянган тонн АИ 92 хэрэглэдэг ба Америк, Ираны асуудлаас болж газрын тосны үнэ савлагаатай байгаа юм. Тухайлбал, энэ сарын долоонд баррель нь 70.73 доллар болж, есдүгээр сараас хойш анх удаа 70 долларыг давжээ. Харин өнөөдрийн байдлаар 64.8 доллар байна.