Чингис шатрын клубийн нэрэмжит “Chinggis Invitational” тэмцээн дөрөв дэх удаагаа зохиогдож байгаа ба манай улсад анх удаа болж байна. Энэхүү тэмцээнд 2500-гаас дээш чансаатай шатарчдыг урьж оролцуулдаг А зэрэглэлийн тэмцээн юм.

Тэмцээний нээлт энэ сарын 8-нд болсон ба ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар үг хэлжээ.

Тэрээр шатрын спортыг Монголд хөгжүүлэхэд энэхүү тэмцээн өндөр ач холбогдолтойг онцлоод тодорхой хуваарийн дагуу нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй үзүүлж байгаа нь туршлага судлах сайхан боломж гэжээ.

Энэхүү тэмцээд Монгол, Энэтхэг, Азербайжан, Орос, Америкийн 10 шатарчин өрсөлдөж байна.

Тодруулбал, манай улсаас гавьяат тамирчин, улсын дөрвөн удаагийн аварга, их мастер Ц.Батчулуун, энэ оны улсын аварга С.Билгүүн, сурагчдын ДАШТ-ий алт, мөнгөн медальт Ц.Лхагвасүрэн нарын шатарчид оролцож байна.

Дэлхийн А зэрэглэлийн энэхүү тэмцээний хамгийн өндөр чансаатай тамирчин нь Америкийн хамгийн залуу их мастер Рэй Робсон юм. Харин энэ жилийн аваргууд энэ сарын 16-нд тодорно.

“Chinggis Invitational” тэмцээнийг 2015-2017 онд Америкийн Сан Франциско хотод зохиож байсан юм.