Цэцэрлэгт хүрээлэнтэй номын сан төслийн хоёр дахь номын сан нээлтээ хийлээ. Энэхүү төслийг СХД-ийн засаг дарга Ж.Сандагсүрэнгийн санаачилгаар хоёр жилийн өмнө эхлүүлсэн бөгөөд дүүргийн дөрвөн байршилд байгуулахаар болсон юм.

Энэ удаагийн номын санг СХД-ийн 15-р хороонд байгуулсан бөгөөд уг номын сан 120 м2 талбайтай, 6000 орчим номтойгоор 09:00-18:00 цагийн хооронд иргэдэд үйлчлэхэд бэлэн боллоо.

Мөн номын сан хоёроос дээш насны бүх хүмүүст зориулагдсан тул бага насны хүүхдэд зориулсан зурагт ном, дэлхийн сонгодог зохиол, хууль дүрмийн эмхтгэлүүд ч фондод нь багтжээ. Иргэд энэхүү номын сангаар чөлөөт цагаараа болон цэцэрлэгт хүрээлэнд хүүхдээ салхилуулахдаа үйлчлүүлэх боломжтой байна.

Цэцэрлэгт хүрээлэнтэй номын санг энэ онд багтаан дахин хоёр газар барихаар төлөвлөсөн бөгөөд үүний нэг нь Толгойтод байна гэдгийг тус дүүргийн засаг дарга Ж.Сандагсүрэн хэллээ.

Мөн номын сан байгуулах санхүүжилтийг зам тавих, гэрэл суурилуулах зэрэг бүтээн байгуулалтын төсвөөс илүүчлэх зэргээр босгож байгаа ба 150 орчим сая төгрөгт багтаан байгуулж байгаа гэдгийг тэрээр онцоллоо.

Үүнээс гадна номын сангийн номуудыг дүүргийн иргэд болон төрийн албан хаагчид, байгууллагын хандиваар цуглуулсан бөгөөд ном хандивлах аян цаашид ч үргэлжилж дараагийн хоёр номын сангийн фондыг үүсгэх гэнэ.

Сануулахад, хоёр жилийн өмнө СХД-ийн наймдугаар хороо буюу Баянхошуунд Бяцхан найзууд хүүхдийн номын сан нээгдсэн бөгөөд уг номын сангийн орчныг цэцэрлэгжүүлснээр Цэцэрлэгт хүрээлэнтэй номын сан төслийн эхлэл тавигдсан юм.