Энэ оны Каннын кино наадмын дээд шагнал, Алтан бөмбөрцөг наадмын шилдэг гадаад киноны төрөлд ялалт байгуулсан Шимэгч киноны найруулагч Бон Жон Хогийн Аwards circuit сайтад өгсөн ярилцлагыг сонирхуулъя. 

Шимэгчийг бүтээх санааг хаанаа олов? 

Бусад уран бүтээлчдийн адил хувийн амьдралаасаа олж авсан. Би коллежид байхдаа гэрийн багшаар ажилладаг байсан. Заримдаа маш баян айлд ажилладаг байлаа. Нэг удаа нэг айлд ажиллаад хоёр сарын дараа халагдсан юм. Тэр айлын хүү надад байшингаа танилцуулж, гайхуулж байсан. Гэхдээ тэр үеийн дүр зураг нүдэнд тодхон үлдсэн юм. Тэднийх хоёр дахь давхартаа яг Шимэгч кинон дээр гардаг шиг хувийн саунтай байсан. Тэр үед би байшин дотор саун байгааг их гайхаж тэр хүү харин бахархаж байсан шүү. 

Шимэгч кино Солонгосын давхаргын ялгааны талаар юм шиг санагдсан ч дэлхийн бусад орнуудад мөн л ийм асуудал байдаг. Зориуд Солонгос хэв маягаар хийсэн үү?  

Манай кино Солонгос жүжигчин, өнгө төрхөөр дүүрэн байсан учир олон улсын үзэгчид ойлгох эсэхэд санаа зовж байсан. Гэтэл Каннын кино наадамд гарснаас хойш хүмүүс киноны жижиг хэсгийг хүртэл яг ижил байдлаар хүлээж авсан. Каннаас хойш Сидней, Мюнхен, Торонтогийн кино наадмуудаар гарахад бүгд ижил хандлага үзүүлсэн. Энэ нь магадгүй бид бүгд капитализм гэх нэг улсад амьдарч байгаатай холбоотой байх. 

Image result for parasite movie

Таны кино уламжлалт төрлүүдийг эвдэж чадсан. Үүнийг зохиол бичиж байхдаа бодож олсон уу эсвэл анх гаргах гэсэн санаагаа л гаргасан уу? 

Зохиолоо бичиж байхдаа үйл явдал, дүрүүдийн талаар л боддог. Бичих тусам би зохиолыг бичиж байгаа биш зохиол намайг цааш нь хөтөлж байгаа юм шиг л байсан. Хүмүүс миний төрөл, жанруудыг хольж, өнгө аясыг нь өөрчилсөн талаар их ярьсан. Үнэндээ зохиол бичиж, зураг авч байхдаа нэг төрлийг барих нь их хэцүү байдаг. Харин хольж солих нь надад илүү амар санагддаг. 

Үерийн хэсгийн зураг авалтыг бодитоор хийсэн үү? 

Бид кинонд зориулж гэрээ солиорохыг нэг гудамжны айлуудаас хүссэн. /инээв/ Үнэндээ нэг том усан санд бүтэн гудамж бариад тэндээ зураг авалтаа хийсэн. Зураг авалтын сүүлийн хоёр өдөр усыг бохирдуулахын тулд шавар маск хүртэл хийсэн шүү. Кинон дээр ус их бохир харагдаж байгаа ч үнэндээ жүжигчдийн арьсыг зөөлрүүлсэн. /инээв/

Үерийн хэсгийн зураг авалтыг хэр удаан хийсэн бэ? 

Хоёр өдөр, хоёр шөнө. Солонгост бид нар тэр хэсгийн зураг авалтад маш сайн бэлдсэн байсан. Үзэгдэл бүрт усны түвшин ямар байх вэ, 00-н ус, ялгадас яаж хальж гарах вэ гээд л. Бараг киноны бүх хэргийг зураад, үүнийхээ дагуу зураг авалтаа хийсэн.

Image result for parasite movie flood scene

Олон нийт таны кинонууд нийгмийн ангийн талаар өгүүлсэн байдаг. Шимэгч кино дэлхийн үзэгчдэд хэрхэн нөлөөлөөсэй гэж та хүсч байна? 

Би дэлхийн сайн сайхны төлөө кино бүтээдэггүй. Киног уран сайхны хэлбэрээр л харуулахыг хүсдэг. Кино маань дэлхийд эерэг нөлөө үзүүлбэл мэдээж гайхалтай байна. Гэхдээ анхнаасаа ямар нэг зүйлийг зорьж киногоо хийдэггүй. Бид өдөр тутмын амьдралдаа, найзуудтайгаа сууж байхдаа, Трамп, орон сууцны зээлийн асуудлын тухай ярьдаг. Бидний амьдрал улс төртэй холилдсон байдаг учир уран сайхны тал дээр нь анхаардаг. Киноны үйл явдалд улс төрийн үзэл санаа тэртээ тэргүй ордог учир үүнийг тусад нь гаргаж ирэх нь утгагүй юм. 

Шимэгч киноны аль дүрийг сонгоход хялбар, аль нь хэцүү байсан бэ? 

Зохиолоо бичиж эхлэхээс ч өмнө ядуу гэр бүлийн аав, ээж, хүү гурвын дүрд тоглох жүжигчдийг бодоод олчихсон байсан. Иймд зохиолоо бичиж байхдаа тэдний зан ааш, яриа, царайны хувиралыг төсөөлсөн. Азаар ядуу охины дүрд тоглосон жүжигчин Пак Со Дам ядуу хүүд тоглосон жүжигчинтэй их төстэй царайтай байсан. Иймээс зохиолоо бичиж дуусгахаас өмнө түүнтэй холбогдогдож санал тавьсан.

Харин баян айлын эзэгтэй, нууц хонгилд амьдардаг эрийн дүрийг сонгоход хүндрэлтэй байсан. Эзэгтэйд тоглосон жүжигчин Чо Ёо Жон өмнө нь үргэлж үзэсгэлэнтэй, тачаангуй бүсгүйн дүрд тоглодог байсан. Харин Шимэгч кинонд түүнийг өөр талаас нь харуулсан. Нууц хонгилд амьдардаг хүний дүрд олонд тийм ч танигдаагүй уран бүтээлч хэрэгтэй байсан. Иймээс театрийн жүжигчин Пак Мюн Хунд санал тавьсан.

Та жүжигчин Сон Кан Хотой дөрөв дэх кино дээрээ хамтарч ажиллалаа. Түүний ямар чанар танд таалагддаг вэ? 

Би жанрын кино бүтээдэг. Ихэнх кино маань жанруудыг хольж өөрчлөгдөж байдаг. Гэхдээ ямар ч үзэгдэл, мөч байсан Сон Кан Хо тогловол бодит юм шиг болдог. Тэр бусад Солонгос кинонуудад ихэнхдээ баатарлаг эрийн дүр бүтээдэг. Харин миний кинонуудад дандаа хэцүү асуудалд ордог азгүй амьтны дүрд тоглодог. /инээв/ 

Image result for parasite song kang ho

Уламжлалт Холливудын кино хийхийг хүсдэг үү? 

The Host кино 2006 онд Торонто, Канны кино наадмаар гарч байхад Америкийн олон агентлаг надтай холбогдсон. Өмнөх менежер маань олон алдартай кинонуудыг найруулах санал олж ирсэн. Гэхдээ надад их олон айдас байдаг. Өдийг хүртэл миний кинонууд ямар нэг хасалт хийлгүй дэлгэцээр гарч ирсэн. Харин киноны зардал ихсэх тусам найруулагчийн эрх мэдэл багасдаг. Ийм байдлаар ажиллахыг хүсээгүй учир бага зардлаар киногоо хийгээд бүх удирдлагыг гартаа байлгахыг илүүд үздэг юм. 

Шимэгч киноны дараа ямар уран бүтээл хийх вэ? Жанраа солих уу? 

Ихэнхдээ уран бүтээлээ их удаан боддог. Шимэгчийг 2013 оноос хойш л бодож байсан. Одоо бэлдэж байгаа хоёр төслийнхөө санааг ч хоёр, гурван жилийн өмнө бодож олсон. Энэ хоёр кино Шимэгч, Ээж кинонуудтай төстэй. Нэг нь Англи, нөгөөх нь Солонгос хэл дээр хийгдэж байгаа. Солонгос киног нь 2001 оноос хойш бодож ирсэн учир залхахаасаа өмнө хурдхан зураг авалтыг нь хийх хэрэгтэй байна. /инээв/

Та зураг авалтын талбайд жүжигчиддээ хатуу ханддаг уу эсвэл хамтдаа хөгжилддөг уу? 

Зураг авалтын үеэр жүжигчдээ аль болох тухтай байлгахыг анхаардаг. Бүх зүйл төлөвлөгөөний дагуу явж байгаа учир орилж, хашхичих шаардлагагүй гардаггүй. Харин хоолны тал дээр л их хатуу. Үргэлж “Өнөөдөр ямар хоол байгаа вэ” гэж асуудаг шүү. /инээв/

Хоол гэснээс Шимэгч кинон дээр яагаад тоорыг тэгж дүрсэлсэн юм бэ? 

Коллежид ангиараа аялалд явах үеэр тиймэрхүү зүйл тохиолдож байсан. Манай найз тоорын харшилтай гэхэд нь бид нар тоглож байна гэж бодоод нэг нь түүн рүү тоор шидчихсэн. Гэхдээ түүнд хүрээч гүй байхад гар нь улаан болсон. Тэр үед бүгд их гэмшиж, гайхсан. Би дунгийн харшилтай. Гэхдээ уран сайхны талаас тоор илүү тохиромжтой санагдана гэж бодсон юм. 

Image result for parasite movie peach

Кинонд олон шимэгч байсан атал яагаад Шимэгч гэж нэрлэсэн юм бэ? 

Маркетингийн хурлын үеэр бид олон тоон дээр Шимэгчид гэж нэрлэх талаар ярилцсан юм. Гэхдээ энэ нь хэт сүржин санагдаж байсан учир энгийн нэр сонгосон. Кинонд өгүүлснээр ядуу гэр бүл бол шимэгч. Гэхдээ баян гэр бүл ч гэсэн ядуу хүмүүсийн хөдөлмөрийг худалдаж авч байгаа шимэгчид мөн. Бас байшин нуугдаж байсан гуравдагч гэр бүлийнхэн бол жинхэнэ утгаараа шимэгчид. Иймд бүгд шимэгч учир киноны нэрээ энгийнээр Шимэгч гэж өгсөн. 

Эх сурвалж: Awards circuit