УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар Монголын хөгжлийн төлөө шинэ улс төрийн нам байгуулж байгаа гэдгээ мэдэгдлээ.

Тэд ардчиллын төлөө гэх сэтгэл зүрхтэй нэг намд боогдож явахыг хүсдэггүй, Монголынхоо төлөө амиа ч зориулах хүсэлтэй хэн бүгдийн өмнө энэхүү шинэ улс төрийн хүчин нээлттэй гэлээ.

Мөн шинэ улс төрийн хүчин байгуулж байгаа нь өнөөгийн МАНАН бүлэглэлийн гар хөл болсон намаа шинэчлэх зорилготой гэнэ.

Сануулахад, УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-ын улс төрийн зөвлөлөөс гаргасан Засгийн газрыг огцруулах шийдвэрийг дагаагүй хэмээн өнгөрсөн 12 сард АН-аас хөөсөн юм.

Харин Л.Болд гишүүнийг АН-аас нэр дэвших эрхийг дөрвөн жилээр хассан бөгөөд тэрээр энэ шийдвэрийг эсэргүүцэж намаас гарах өргөдлөө өгсөн байдаг. Гэвч түүнийг намаас гаргах эсэх асуудал одоог хүртэл эцэслэн шийдэгдээгүй байсан ба энэ сарын дөрвөнд намынхаа харьяаллаас гарсан гэдгээ УИХ-ын гишүүн Л.Болд хэллээ.

Энэ талаар АН-ын дарга С.Эрдэнэ хэлэхдээ “Нэг намаас гараагүй байж өөр нам байгуулж байгаа нь хууль зөрчиж байна. Өөр нам байгуулж намаа шинэчилнэ гэдэг зүйл байхгүй” гэлээ.

Ямартай ч Л.Болд шинэ намын гишүүн болсноор УИХ-д есөн суудал авсан АН албан ёсоор бүлэггүй болж байна.