Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын албаныхан Төв аймгийн Хөшигийн хөндийд баригдаж буй Олон улсын шинэ нисэх буудлын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

Ерөнхий сайд Японд хийсэн албан айлчлалынхаа хүрээнд шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулах асуудлыг шуурхайлахаар болсон юм. Улмаар шинэ нисэх буудлыг Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан долдугаар сард нээх хүсэл сонирхолтой буйгаа Японы төлөөлөгчдөд илэрхийлж, Засгийн газрын зүгээс шаардлагатай санхүү хөрөнгийг цаг алдалгүй шийдвэрлэнэ гэдгээ мэдэгджээ.

Уг нисэх буудал ашиглалтад орвол жилд гурван сая зорчигч тээвэрлэх боломжтой гэнэ. Манай улсын зүгээс шинэ нисэх буудлыг 51:49 хувиар Японтой менежментийн гэрээ байгуулах шийдвэр гаргасан.

Тодруулбал, шинэ нисэх буудлын ашгийн 51 хувийг Японы тал, 49 хувийг Монголын тал хүртэх юм. Эхний 15 жилд шинэ нисэх буудлын ашгаас концессын төлбөрөө төлж, үлдсэн цэвэр ашгаас хоёр тал хүртэх бөгөөд 15 жилийн дараа шинэ нисэх онгоцны буудал 100 хувь Монголын талд шилжих гэнэ.

Сануулбал, энэхүү нисэх буудлыг барих төслийн судалгааг 2006 оны 11 сард Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр эхлүүлж, 2013 оноос хойш бүтээн байгуулалтын ажлыг хийж байна.  

Төслийн барилга угсралтын ажлын гэрээний нийт дүн 49.5 тэрбум иен, нэмэлт ажлын өртөг 5.9 тэрбум иен бөгөөд 23 барилга байгууламж, есөн тоног төхөөрөмж зэрэг 32 ажлыг захиалагч талд хүлээлгэн өгөх юм. Одоогоор нисэх буудлыг хүлээн авах ажил 98.9 хувийн гүйцэтгэлтэй байна.