Бид тоймлоё, Та унш

2019.03.29 Баасан                                               -2°C   2,631.28  Өвчин эмгэг ирнэ

Чухлыг тоймлоё


Манай улс ОУ-ын конвенцод нэгдсэн ч эрүүдэн шүүсээр байсан

С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр ял авсан хүмүүсийг эрүүдэн шүүж байгааг мэдсэн ч нууцын зэрэглэлтэй учир яаж ч чадаагүй гэж Хүний эрхийн үндэсний комисс мэдэгдлээ. Мөн эрүүдэн шүүх явдал өмнө нь ч байсан ба тэд жил бүрийн илтгэлдээ эрүүдэн шүүлтийн бодит баримтуудыг хавсарган ЗГ-т явуулдаг байсан ч өнөөдрийг хүртэл ямар ч арга хэмжээ аваагүй гэнэ.

Эрүүдэн шүүсэн гэх баримтаас дурдвал,

Нэгэн иргэн 2018/3 сард гадаадын иргэний цогцостой таарч цагдаад мэдэгдсэн боловч түүний бүх хувцсыг тайлж цахилгаан бороохойдох, шөнө унтуулахгүй байх, зодох зэргээр эрүүдэн шүүж хэргийг тохохыг оролдсон байна. Ийнхүү түүнийг 5 хоног эрүүдэн шүүж, хорьсны эцэст жинхэнэ хэрэгтэнг олсноор суллажээ. Мөн 2013 онд хилс хэрэгт сэжиглэгдэж байсан Н-ийг эрүүдэн шүүж, хэрцгийгээр зодсоноос үүдэн сэтгэцийн өөрчлөлттэй болжээ.

ОУ-ын конвенцыг зөрчвөл хариуцлага тооцох уу?

Манай улсад хариуцлага тооцох эсэх нь тодорхойгүй ч конвенцыг зөрчсөн албан хаагчиддаа бид өөрсдөө хариуцлага тооцох ёстой. Учир нь манай улс Эрүүдэн шүүлтийн эсрэг конвенцод 2002 онд нэгдэн орсон ба С.Зоригийн хэрэгтэй холбоотой бичлэг ОУ-ын конвенцыг зөрчсөн гэдгийг нотолж байна. Үүнээс болж Монголын нэр хүнд ОУ-д маш ихээр унана гэж гишүүд хэлсэн ба 1939 оны аймшигтай яргалал, хэлмэгдүүлэлт өнөөгийн ардчилсан нийгэмд байгаад харамсаж байна гэлээ.


Хууль шүүхийнхэн огцорч эхэллээ

Ерөнхийлөгч Х.Баттулга тушаал гаргаж Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан, орлогч Г.Эрдэнэбат нарыг албан тушаалаас нь огцрууллаа. Мөн Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна. Шинээр томилогдох шүүгч, прокурорын нэр тодорхой болоогүй байгаа ба огцруулсан болон чөлөөлөгдсөн шалтгаан тодорхойгүй байна.


АН-хан “нанчилдаж” байна

АН-ын залуу гишүүд 4/5-ны онц их хурлаараа С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат тэргүүтэй удирдлагуудаа огцруулна гэлээ. Тэд намын нэрийг барьж 60 тэрбум, МАНАН-г хамгаалж, АН-ын нэр хүндийг унагасан тул хариуцлага хүлээх ёстой гэсэн юм. Гэвч зарим иргэд "МАН-ын зодооныг АН сэргэлэнээр ашиглах байтал ингэж хагаралдаж байгаа нь бодлогогүй хэрэг" гэлээ.


Трамп Орост анхааруулга өглөө

Венесуэлээс цэргээ гаргахыг Орост анхааруулж, хэрэв татгалзвал хариу арга хэмжээ авна гэж Трамп мэдэгдлээ. Гэвч Оросын тал Венесуэлийн дотоод асуудалд Америкийг оролцохгүй байхыг сануулсан байна. Оросын 100 орчим цэрэг тээвэрлэсэн 2 онгоц 3/23-нд Венесуэлд газардсан юм. Оросын тал үүнийгээ хамтын ажиллагаа гэж тайлбарласан бол Америкийн тал Мадуро цэргийн хүчээр Ерөнхийлөгчийн суудлаа хамгаалж байна гэж үзжээ.


Форд Орос дахь үйлдвэрүүдээ хаана

Тус компани Орос дахь 4 үйлдвэрийнхээ 3-г хааж, тоног төхөөрөмжөө нүүлгэх, гэрээ цуцалсны төлбөр зэрэгт $450-500 саяыг зарцуулах гэнэ. Учир нь Форд компани цахилгаан хөдөлгүүртэй, автомат жолоодлоготой машин үйлдвэрлэхийн тулд гадаад дахь ашиг багатай үйлдвэрүүдээ хаана гэж 2018 онд мэдэгдсэн юм. Тэд тун удахгүй Франц дахь үйлдвэрээ мөн хаана гэсэн ба Герман дахь үйлдвэрээ хаах эсэхээ хэлэлцэж байна.

Таны сонорт


Баруун аймгийн хойд хэсгээр 4/1-нд ялимгүй цас орно.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр