Засгийн газрын хуралдаанаар эдлэг шонхор шувууг ашиг олох зорилгоор гадаад улсад гаргахыг түр хугацаагаар хориглох тогтоол баталлаа. Тус шувууг төрийн бахархалт шувуугаар тодорхойлж, 2013 оноос эхлэн гадагш гаргахыг хориглосон ба уг тогтоолыг дахин таван жилээр сунгалаа.

Эдлэг шонхрын 2013 оны улсын тооллогоор 7800 орчим тоологдсон бол өнгөрсөн онд 10 мянга гаруй тоологджээ. 

Түүнчлэн өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд 2020 оны төсөвт шинэ цэнгэлдэх хүрээлэн байгуулах асуудлаар захирамж гаргасан байна. Шинэ цэнгэлдэх хүрээлэн барих газар сонгох, хөрөнгө санхүүг төсөвт суулгах ажлын хэсгийг өнөөдөр байгуулж, ирэх оноос ажлыг нь эхлүүлэхээр боллоо.

Мөн зарим газрыг тусгай хамгаалалттай газар нутгаас чөлөөлөх асуудлыг шийдсэн байна. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төвийн 3090.16 га газрыг  тусгай хамгаалалтай газраас чөлөөллөө. Энэхүү асуудлыг нутгийн иргэд 10 гаруй жил ярьсан бөгөөд ийнхүү шийдвэрлэснээр иргэд 0.7 га газраа өмчлөх эрхтэй болж байна.

Түүнчлэн БОАЖЯ-ны сайд тусгай хамгаалалттай газар болох Элсэн тасархайд газар олгосон гэх асуудлаар тайлбар өглөө. Аялал жуулчлалаар дамжуулан бүс нутгийг хөгжүүлэх зорилтын хүрээнд өнгөрсөн жил тус газарт аялал жуулчлалын зориулалтаар орчин үеийн дэд бүтэцтэй байгууламж барих зөвшөөрлийг гадны хөрөнгө оруулалттай компанид олгосон байна.

Гэвч тухайн бүсэд байдаг хэсэг иргэдийн эрх ашгаас үүдэн уг бүтээн байгуулалт хийгдэхгүй байгаа гэж Н.Цэрэнбат сайд хэллээ. 

Дашрамд дурдахад, манай улсын нийт газар нутгийн 19 хувийг тусгай хамгаалалттай газар эзэлж байгаа юм. Харин салбар яамнаас үүнийг 30 хувьд хүргэх, усны нөөц, томоохон гол мөрний урсац бүрддэг газрын 50 доошгүй хувийг тусгай хамгаалалтад авах зорилт тавьжээ.