Засгийн газрын ээлжит хуралдаанаар Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнг Нисэх, Яармагийн аюулгүйн тойргийн зүүн урд барихаар шийдвэрлэлээ.

Ийнхүү Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төсөл боловсруулах, барилгын ажилд шаардагдах хөрөнгийг ирэх оны улсын төсөвт тусгуулах, бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх асуудлыг судлахыг сайд Л.Оюун-Эрдэнэ, сангийн сайд Ч.Хүрэлбаатар, хотын дарга С.Амарсайхан нарт даалгалаа.

Цэнгэлдэх хүрээлэнгийн шинэ барилгыг үндэсний онцлог хэв шинжийг агуулсан, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн дэвшилтэд технологийн шийдэл бүхий, Баяр наадмаас гадна олон улсын спортын тэмцээн, урлагийн арга хэмжээ зохион байгуулах нөхцөлийг хангасан байхаар төлөвлөж байна.

Шинэ цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийн уралдааныг энэ сарын 16 хүртэл зарласан ба 30 сая төгрөгийн шагналын сантай юм.