Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зарлагдлаа. 

Уралдааны шагналын сан 30 сая төгрөг ба тавигдах гол шаардлага нь үндэсний онцлог хэв шинжийг агуулсан, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн дэвшилтэт технологийн шийдэл бүхий үндэсний их баяр наадам төдийгүй спортын олон төрлийн арга хэмжээг жилийн дөрвөн улиралд зохион байгуулах боломжтой байхаар төлөвлөх юм.

Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлч, мэргэжлийн ангийн оюутнууд оролцох боломжтой байна. 

Энэхүү уралдаанд оролцох хүсэлтэй иргэд энэ сарын 16-ны 10:00-16:00 цагийн хооронд Хангарди ордон, Хот байгуулалт, хөгжлийн газарт бүтээлээ ирүүлнэ. 

Ирүүлсэн бүтээлүүдийг энэ сарын 17-19-нд Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын www.uda.ub.gov.mn сайтад байршуулан олон нийтийн саналыг цахимаар авна. Ингээд Хотын даргын захирамжаар батлагдсан комисс хуралдаж олон нийтийн саналын дүн болон уралдааны удирдамжид заагдсан шалгуур үзүүлэлтийг үндэслэн уралдааны дүнг гаргах юм. 

Сануулбал, Ерөнхий сайд 2020 оны төсөвт шинэ цэнгэлдэх хүрээлэн байгуулах асуудлаар захирамж гаргасан байна. Шинэ цэнгэлдэх хүрээлэнгийн ажлыг ирэх оноос эхлүүлэх юм.