Барилга хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар, Хотын даргын орлогч П.Баярхүү, Хотын ерөнхий менежер Т.Гантөмөр тэргүүтэй удирдлагууд Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа болон шинэ цэвэрлэх байгууламжийн ажилтай танилцлаа.

Хятадын засгийн газрын нэг тэрбум долларын хөнгөлөлттэй зээлээр барих шинэ цэвэрлэх байгууламжийн төслийн нээлт ирэх сарын нэгэнд болох юм. Энэхүү ажлыг Барилга хот байгуулалтын яам хариуцан ажиллаж байгаа ба цэвэрлэх байгууламжийг гурван жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Засгийн газар хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд төслийн ажлыг гүйцэтгэхэд талууд тус бүр 50 хувийн оролцоотой байна. Мөн төслийн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах барилгын материал, тоног төхөөрөмжийг дотоодын үйлдвэр, ААН, байгууллагуудаас нийлүүлэхээр тусгажээ.

Шинэ цэвэрлэх байгууламж нь хоногт 250 мянган ам дөрвөлжин бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтай юм. Үүнээс гадна лагийг дулааны аргаар бүрэн боловсруулж био хий гарган, байгууламжийн дотоод эрчим хүчний хэрэгцээг 50 хувь хангах эко шийдэлтэй гэнэ.

Энэ хүрээнд манай улс анх удаа цэвэрлэхээс ялгарсан саарал усаа үйлдвэрийн технологийн хэрэгцээнд дахин ашиглахаар төлөвлөөд буй.

Дашрамд дурдахад, одоогийн төв цэвэрлэх байгууламж хоногт дунджаар 160-200 мянган ам дөрвөлжин бохир усыг хүлээн авч механик биологийн цэвэрлэгээг хийж, хлор болон хэт ягаан туяагаар халдваргүйжүүлж Туул гол руу нийлүүлж байгаа юм.