Хятадын нэг тэрбум долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй шинэ цэвэрлэх байгууламжийн шавыг тавилаа. Шав тавих ёслолд ерөнхий сайд У.Хүрэлсүх, БХБЯ-ны сайд Х.Баделхан, Хятадаас Монголд суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хайми, хотын дарга С.Амарсайхан нар оролцлоо.

Шинэ цэвэрлэх байгууламж нь хуучин цэвэрлэхийн биопрудын зориулалтаар ашиглагдаж байсан 40 га талбайд баригдах юм. Мөн шаардлагатай авто зам, явган хүний зам, ногоон байгууламжийг давхар шийдэж өгөх гэнэ.

ТЭЗҮ-д тусгагдсанаар хоногт 250 мянган шоо метр бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай бөгөөд гурван үе шаттай цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх юм. Түүнчлэн лаг боловсруулан био хий гарган авах замаар эрчим хүч болон дулаан үйлдвэрлэж нийт цахилгааны хэрэгцээний 53 хувийг хангахаар төлөвлөсөн байна.

Шинэ цэвэрлэх нь хаягдал лагийг усгүйжүүлэн хатаах, шатаах замаар хаягдалгүй үйлдвэр барих юм. Барилгын ажлыг Чайна тисижу сивил инженеринг групп ба Бээжин констракшн инженеринг групп консерциум гүйцэтгэх бөгөөд үндсэн барилга байгууламжуудыг 35.5 сарын дотор барихаар төлөвлөжээ.