Шинэчилсэн 20:25- УИХ дахь МАН-ын бүлэг 19:00 цагт ээлжит бусаар 70 гаруй хувийн ирцтэйгээр хуралдаж, Г.Занданшатарыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжлээ. Хуульд зааснаар уг асуудлыг маргааш Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцсэний дараа УИХ-ын чуулган эцсийн шийдвэрийг гаргах юм.

МАН-ын удирдах зөвлөл хуралдаж, УИХ-ын даргад Ерөнхий сайдын зүгээс нэр дэвшүүлсэн ЗГХЭГ-ын дарга Г.Заншатарыг дэмжлээ.

“Хэдийгээр УИХ-ын нэр хүнд унасан, хүндхэн байдалд байгаа ч УИХ-ын даргаар сонгогдвол хамгийн түрүүнд сахилга, хариуцлагыг чангална” гэж Г.Занданшатар хэллээ.

Түүнийг дараагийн УИХ-ын даргад нэр дэвшүүлэх эсэхийг өнөөдөр 18:00 цагаас МАН бүлэг хуралдаж шийдвэрлэх бөгөөд бүлгээс өөр хүнийг нэр дэвшүүлэх магадлал өндөр байна.

Ямартай ч УИХ-ын даргад нэг дэвшигчдийг өнөө орой МАН-ын бүлэг хэлэлцэж, маргаашийн чуулганаар оруулна гэдгийг гишүүд хэллээ.

Сануулахад, Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн дагуу УИХ-ын дарга М.Энхболдыг гишүүдийн 66.2 хувийн саналаар Мягмар гарагт огцруулсан бөгөөд эрх баригч намынхан сар шинээс өмнө шинэ даргаа тодруулна гэдгээ мэдэгдсэн юм.