Шинэ Зеландын Христчурч хотын Лалын хоёр сүмд Баасан гарагт халдлага үйлдэж 50 орчим хүний аминд хүрч 50 хүнийг шархдуулсан хэргийн сэжигтэн ил боллоо.

Цагдаа нар уг хэрэгт Австралийн иргэн, 28 настай Брентон Тэррант гэгчийг баривчилсан бөгөөд түүний шүүх хурал Бямба гарагт болсон юм.

Австралийн ерөнхий сайд Скотт Моррисон сэжигтнийг Исламын шашинтнуудын эсрэг хүчирхийлэл үйлдсэн хэт даврагч, террорист гэж тодорхойлжээ.

Харин Шинэ Зеландын ерөнхий сайд Жасинда Ардерний хэлснээр Тэррант нь террористуудын жагсаалтад байгаагүй учир түүний халдлагаас сэргийлж чадаагүй гэнэ.

Цагдаагийн газар Тэррантаас гадна гурван хүнийг сэжиглэн баривчилсан ч хэргийг Тэррант ганцаараа үйлдсэн гэж үзэж байгаа юм.

Сэжигтэн Террант гэгч нь Австралид дөрвөн жил амьдрахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс өөр хэрэг үйлдэж байгаа гэдгийг албаныхан хэлсэн байна. Тэрээр Грэцтон гэх жижиг хотын Big River Gym фитнесс клубд хувийн дасгалжуулагчаар ажиллаж байжээ. Террант 2011 онд эцгийнхээ нас барсны дараа хөрөнгийг нь өвлөж аваад дэлхийн тойрох аяллаа эхлүүлсэн байна. Улмаар тэрээр Францад байхдаа дүрвэгчдийн цувааг харсан гэдгээ хэлжээ. Мөн түүний онлайн нийтлэлүүдээс үзэхэд Европын соёл иргэншилд Исламын шашинтнууд саад болж байгаа гэх үзэл санаа байгаагаас гадна өөрийгөө Нелсон Мандела шиг 27 жил шоронд хоригдож эцэст нь Нобелийн шагнал авна гэж бичжээ.

Эх сурвалж: BBC, Al jazeera