Монголбанкнаас мөнгөн тэмдэгтийн зохистой бүтцийг хангах, төгрөгийг хуурамчаар үйлдэх явдлыг багасгах зорилгоор 5000 мянгатын дэвсгэртийг шинэчлэн гүйлгээнд гаргахад бэлэн болжээ.

Манай улсад хуурамчаар үйлдэгдэж буй мөнгөн тэмдэгтүүд нь ихэвчлэн хамгийн өндөр дүнтэй 5000, 10000, 20000-ын дэвсгэртүүд  байдаг байна. Иймд Монголбанк нэн түрүүнд дээрх мөнгөн дэвсгэртүүд дээрх нэгдүгээр түвшний хамгаалалтыг иргэд энгийн нүдээр хараад төвөггүй таних боломжтой элементүүдийг сайжруулах зорилт тавьжээ.

Энэ хүрээнд эхний ээлжид олон улсын хэмжээнд судалгаа хийсний үндсэн дээр сүүлийн үеийн шинэ технологиор хийгдсэн элементийг 5000 мянгатын дэвсгэртэд оруулан сайжруулжээ.

Уг шинэ таних тэмдгийг хуурамчаар хийх бараг боломжгүй технологи бөгөөд дуурайлган хийх тохиолдолд өндөр зардалтай байдаг гэнэ. Шинэ таних тэмдэгтэй болсон 5000 төгрөгийн дэвсгэртийн хувьд нүүрэн талд байрлах Соёмбод сүүлийн үеийн дэвшилтэт технологиор хийсэн гурван хэмжээст хөдөлгөөнтэй, дээш, доош налуу хөдөлгөхөд өнгө нь солонгорч харагдах Спарк бэхэн элемент оруулж өгснөөр иргэд танихад хялбар болсон байна.

Шинэчлэгдсэн дэвсгэртийг 2019 оны нэгдүгээр улиралд гүйлгээнд гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд өмнөх хэвлэлтийн 5000 төгрөг буюу одоо гүйлгээнд явж буй дэвсгэрт гүйлгээнд хүчин төгөлдөр хэвээр зэрэгцэн хэрэглэгдэнэ гэж Монголбанк мэдэгдлээ.