Засгийн газрын хуралдаанаар БОАЖЯ-аас байгаль хамгааллын чиглэлд хоёр асуудал оруулж батлууллаа. Тодруулбал, тусгай хамгаалалттай газрын хил хязгаарыг өргөтгөн шинээр 22 газрыг улсын тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргалаа.

Үүнтэй холбогдуулан Засгийн газраас тусгай хамгаалалтай газарт үйл ажиллагаа явуулах, цаг агаарын байдлаас үүдэн малчид хадлан бэлтгэх, нутаглах зэргээр ашиглах журам, байгаль хамгаалах чиглэлд үндэслэн аялал жуулчлал хөгжүүлэх бодлого боловсруулахыг салбар яаманд үүрэг болголоо.

Улсын тусгай хамгаалалтад авахаар шийдвэрлэсэн газруудын жагсаалт:

Өргөтгөлөөр:

  • Говийн их “Б” хэсгийн дархан цаазат газрын өргөтгөл,
  • Нөмрөгийн дархан цаазат газрын өргөтгөл,
  • Монгол дагуурын “Б хэсгийн дархан цаазат газрын өргөтгөл,
  • Отгонтэнгэрийн дархан цаазат газрын өргөтгөл,
  • Дарьгангын байгалийн цогцолборт газрын өргөтгөл,
  • Булган гол, Их онгогын байгалийн цогцолборт газрын өргөтгөл,
  • Онгон таван булгийн байгалийн нөөц газрын өргөтгөл,

Шинээр:

  • Тэсийн гол, Булнайн нурууг байгалийн цогцолборт газрын ангиллаар,
  • Хөх нуур, Ташгайн таван нуур, Жаран тогооны тал А, Б, Мэнэнгийн цагаан хоолой, Халхын таван уул, Баяндун уул, Гүн гашууны хоолой, Сутай хайрхан уул, Улз голын эх, Зотол хаан уул, Дулаан хайрхан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар,
  • Цагаан дэлийн агуй дурсгалт газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ.

Түүнчлэн хуралдаанаар олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу 19 жил мөрдөгдөж байсан озон задалдаг бодисыг худалдах, ашиглах, зөвшөөрөл олгох журмыг шинэчлэн баталлаа.

Энэхүү шинэчилсэн журмаар манай улс озон задалдаг бодисыг орлох техник технологийг ашиглах боломж бүрдэж байгаа гэж БОАЖЯ-ны сайд Н.Цэрэнбат хэллээ.

ЗАСГИЙН ГАЗАР МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ БАЙНА

Posted by Парламент TV / Parliament TV / on Tuesday, September 4, 2018