Энэ оны улсын төсөвт 19 сургууль, цэцэрлэг, олон улсын тусламжийн хөрөнгөөр нэг сургууль цэцэрлэгийн барилгыг шинээр барихаар тусгаж, газрын асуудлыг шийдвэрлэхээр болсон юм. 

Дээрх сургууль, цэцэрлэгийн газар чөлөөлөх ажлыг нийслэлээс зохион байгуулж, өнөөдрийн байдлаар 16 байршлын газрыг нийслэлийн Боловсролын газарт эзэмшүүлэх захирамж гараад байна.

Өнгөрсөн хугацаанд баталгаажсан кадастрын зураг, гэрээ гэрчилгээ гараагүй байсан долоон байршлын асуудлыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас бүрэн шийдвэрлэжээ. Харин одоогоор хоёр сургууль, хоёр цэцэрлэгийн барилга барих газрын асуудал бүрэн шийдвэрлэгдээгүй байна. 

Иймд газрын гэрээ, кадастрын зураг батлагдан гарсан байршлын архитектур төлөвлөлт, зургийн даалгаврыг батлуулж, худалдан авах ажиллагааг яаралтай зохион байгуулахыг хотын даргын орлог дарга Ш.Анхмаа холбогдох албаныханд үүрэг болголоо.

Энэ онд улсын хэмжээнд 48 сургууль, 93 цэцэрлэгийг шинээр болон өргөтгөлөөр барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн юм. Ингэснээр сургуулийн суудлын тоо 20 мянган орчим, цэцэрлэгийн орны тоо 11-12 мянгаар нэмэгдэх төлөвтэй байна. Эдгээрээс ирэх сарын нэгэн гэхэд нийслэлд 13 сургууль, 22 цэцэрлэг ашиглалтад орохоор ажиллаж байгаа юм.