Цагаан өнгө бол Монголчуудын хамгийн эрхэмлэн дээдэлдэг, өлзий бэлэгтэй өнгө юм. Энэ утгаараа Цагаан сарын баярт цагаан өнгө хамгийн их утга, бэлгэдэл агуулж байдаг.

Сар шинэтэй холбоотой Цагаан хэмээх нэр хийгээд уг баярын гарал үүсэл, ёс заншил гээд цагаан өнгөнд холбогдсон бэлгэдэл утга арвин их байна. Энэ дундаас цагаан сарын идээ шүүсэнд байх цагаалга амсах буюу, цагаан идээний талаар товч өгүүлье.

Цагаанаар бэлгэдэхийн учрыг Шинжлэх ухааны доктор профессор Ш.Чоймаа багшийн Монголын ёс заншил, уламжлалт ухаан номонд дурдахдаа,

Зураг: YouTube

“Цагаан сэтгэл, цагаан зүг, цагаан зам, цагаан газар, цагаан сэтгэл гэх мэтчилэн уг өнгөний бэлгэдэл гэрчлэгддэг. Айлд ирсэн зочин гийчин, идээ будаа элбэг дэлбэг, зүйл бүрээрээ байлаа ч гэсэн юун түрүүн цагаан идээнээс ам хүрдэг заншилтай. Энэ нь тэрхүү зочин гийчний ажил хэрэг саад тотгоргүй, цагаан мөрөөр бүтэх болтугай хэмээсэн бэлгэдэл” гэжээ.

Энэ утгаараа цагаан сарын идээ шүүсэнд заавал цагаан идээ болон цагаан идээгээр хийсэн зоог байх бөгөөд үүнийг цагаалга гэдэг. Шинийн нэгний өглөө дээр дурдсанчлан хамгийн түрүүн идээ шүүсэндээ хүрэхийн өмнө, сүү, сүүтэй, ааруул, ээзгий зэрэгт ам хүрч цагаалга амсдаг ёс ийм ажээ.

Мөн үүнийг цагаан сарын үүсэл гарлаар тайлбарладаг. Тухайлбал, Шинжлэх ухааны доктор профессор С.Дулам судалгааны бүтээлдээ,

Зураг: Gogo

“Өнөөгийн Битүүлгэний ёс нь эрт цагийн махан тайлгын ёсоос уламжилж ирсэн. Битүүнд битүү шүүс буюу махан зоог зооглож, битүүлэг зөрүүлдэг нь ХУВЬ САР-ын дурсамжтай холбоотой. Харин шинийн нэгэнд цагаалга, цагаан идээгээр дагнан ёсолдог нь СҮҮН САР-ын уламжлалтай холбоотой уламжлагдаж ирсэн” гэжээ.

Хувь сар, Сүүн сар гэдэг нь цагаан сарын үүсэл, хөгжилтэй холбоотой юм. Цагаан сарын үүсэл нь эртний ан агнуурын соёлтой холбоотой бөгөөд эртний овог аймгууд хүйтний улирал болмогц их ан хоморгод гарч Их махан тайлга хийж, хүнсээ нөөцөлдөг байжээ. Үүнийхээ хажуугаар овог аймгийнхаа хүн бүрд хувь хүртээдэг байсныг ХУВЬ САР гэж нэрийдэх болсон байна.

Улмаар ан агнуураас мал аж ахуйн соёл үүссэнээр Монголчууд малын сүү шимийг хоол хүнсэндээ хэрэглэх болж аажмаар Хувь сар нь СҮҮН САР буюу бидний нэрлэж заншсан Цагаан сарын баяр болон тэмдэглэн иржээ.

Энэ утгаараа битүүний гол идээ махан шүүс, шинийн нэгний гол идээ нь аарц, өрөм, тос зэрэг буюу цагаалга юм. Энэ нь өсөж, үржихийн бэлгэдэл агуулсан хэмээн дурджээ.

Зураг: Chingis

Энэ мэт цагаан өнгөний болоод Цагаан сарын бэлгэдэл нь Марко Пологийн тэмдэглэл, Монголын нууц товчоо зэрэг түүхэн судар бичигт тэмдэглэгдэн үлдсэн байна. Тухайлбал, 13-р зууны үеийн Марко Пологийн тэмдэглэлд “Монголчуудын он нь хоёрдугаар сараас эхлэх бөгөөд шинэ жилийн баяраар Их хаан тэргүүлэн бүх ард иргэд, хөгшин залуу эр эмгүй бултаар цагаан хувцас өмсөж, хоорондоо цагаан өнгө барьдаг” хэмээн бичигджээ.

Эдгээр эрдэмтэн судлаач болон түүхийн баримтуудаас харахад Цагаан сарын идээ шүүс, бэлэг сэлт, ёс заншил, гарал үүслийн хамгийн гол бэлгэдэл нь цагаан өнгө болж байна. Цагаан сарыг цагаанаар бэлгэдэхийн учир энэ ажээ.