Иргэдийн шударга шүүх ТББ болон Монголын худалдаачдын холбоо хамтран мэдэгдэл хийж, шударга ёсыг Ц.Нямдоржоос эхлүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Тэдний зүгээс Хуульзүйн сайд Ц.Нямдоржийг шууд ярилцлагад урьж, нийтийн сонсгол хийх тухай шаардлагаа Ерөнхийлөгч болон УИХ-д дахин хүргүүлж байгаагаа хэллээ.

Тэдний зүгээс өнгөрсөн тавдугаар сарын долоонд нийтийн сонсгол хийх хүсэлт Байнгын хороонд гаргасан ч тодорхой хариу ирүүлээгүй байна.

Мөн АТГ, Прокурорын байгууллагад Ц.Нямдоржид холбогдуулан гаргасан өргөдлийн хариуг нэхэж, түүнийг гэм буруугүй гэдгээ шүүхээр тогтоолгохыг шаардлаа.

Тухайлбал, түрээс төлөхгүйгээр 6.7 сая төгрөгийн үнэ бүхий байранд суудаг, эхнэр хүүхдийнхээ нэр дээр гурван хаус, 14 орон сууц бүртгэлтэй байгаа зэрэг Ц.Нямдоржтой холбоотой авлигал, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад ханджээ.

Мөн 300 мянган худалдаачдын эрх ашгийн төлөө тэмцсэн худалдаачдын төлөөллийг зүй бусаар тарааж, эрүүдэн шүүж, хэрцгий балмадаар нухчин дарах гэсэн оролдлогоо зогсоон, Ц.Нямдоржийг огцрохыг шаардлаа.

Сануулбал, энэ сарын гурванд Монголын худалдаачдын холбооны төлөөлөл гурван эмэгтэй МАН-ын байрны гадаа өлсгөлөн зарласан юм. Улмаар тэднийг цагдаагийн байгууллагаас хүчээр тараасан байна.

Ингэхдээ зүй бусаар харьцаж, зэрлэгээр хүч хэрэглэсэнд Ерөнхий сайд болон Хууль зүйн сайд Ц.Нямдоржид гомдолтой байгаа гэдгээ худалдаачдын холбооноос мэдэгдсэн юм.