Солонгосын засгийн газар болон олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОИКА-ын буцалтгүй тусламжаар ШУТИС-д шинэ төсөл хэрэгжүүлэхээр боллоо.

Уг төслийг зургаан сая долларын буцалтгүй тусламжаар гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх гэнэ.

Төслийн хүрээнд ШУТИС–ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн чадавхыг бэхжүүлэх үүднээс орчин үеийн тоног төхөөрөмжтэй, ахисан түвшний сургалт, судалгааны 10 шинэ лаборатори байгуулж, мэдээлэл холбоо технологийн хэрэглээг бүхий л салбарт хөгжүүлэх ахисан түвшний 10 шинэ хөтөлбөр бий болгох юм.

Мөн ШУТИС-ын багш нар Солонгосын их сургуулиудад мэргэжил дээшлүүлэн суралцах боломж нээгдэнэ.

КОИКА-гийн шинээр хэрэгжүүлэх уг төсөл нь Засгийн газраас өнгөрсөн сард баталсан Судалгааны их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдгийг албаныхан хэллээ.

Манай улс үндэсний дөрвөөс доошгүй их сургуулиа Азийн шилдэг их сургуулийн эгнээнд оруулах, эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулийн инновацийн үйл ажиллагааг хөгжүүлэх зэрэг зорилт тавьсан юм.

Энэ хүрээнд өрсөлдөөний замаар үндэсний хэмжээний хэд хэдэн тэргүүлэх их сургуулийг сонгож судалгааны их сургууль болгож хөгжүүлэхээр зорьж байгаа юм.