Хорих 461-р ангид амиа алдсан шүүгчийн өмгөөлөгч Ц.Баасандорж хохирогчийг хууль бусаар хорьж, эрүүдэн шүүн, амь насыг хохироосон гэж мэдэгдлээ.

Тэрээр “хүнийг хойшлуулшгүй хугацаагаар баривчилсан тохиолдолд 24 цагийн дотор шүүхээс зөвшөөрөл авах, шүүхийн тогтоолгүйгээр хүнийг хорих дээд хэмжээ 24 цаг байх ёстой гэж хуульд заасан байдаг. Гэвч талийгаачийг шүүхийн шийдвэргүйгээр хорих ангид 40 гаруй цаг хорьж, амь насыг нь хохироосон” гэлээ.

Мөн энэ сарын 22-нд АТГ-аас талийгаачийг хорих ангиас гаргаж, бүтэн өдрийн турш өрөөнд ганцааранг нь байлгаж, АТГ-ын дарга комиссарууд дарамталсан гэх мэдээлэл байгаа гэж мэдэгдлээ. Тухайн өрөө болон хорих ангид юу болсон талаарх камерын бичлэгийг өнөөдрийг хүртэл Цагдаагийн байгууллагаас үзүүлэхгүй байгаа гэнэ.

Талийгаачийн өмгөөлөгч, ар гэрийнхний зүгээс хүнийг хууль бусаар хорьсон, дарамталсан хэргээ нуун дарагдуулах үүднээс амиа хорлосон, гэрээслэл үлдээсэн гэх буруу ташаа мэдээллийг тарааж байгаа гэлээ.

Тиймээс албан тушаалаа урвуулан ашиглаж, гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй АТГ болон хуулийн байгууллагын ажилтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгах гомдол гаргасан байна.