УИХ-ын дарга Г.Занданшатар зарим эм ханган нийлүүлэх төв болон эмийн сан, Бөмбөгөр худалдааны төвөөр орж, амны хаалт, ариутгагч бодисын хангамж, махны үнэтэй танилцлаа.

Нийт дөрвөн эмийн сангаар ороход хоёрт нь нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч дууссан байжээ. Мөн 3500 төгрөгөөр зарагддаг байсан шүүлтүүртэй даавуун амны хаалт 4000 төгрөг байгаа юм.

Үүний дараа Бөмбөгөр худалдааны төвөөр орсон ба нийлүүлэлт багассан учир үхрийн махны үнэ өссөн байна.

Сүүлийн үед амны хаалт, ариутгалын бодисын эрэлт ихэссэнтэй холбоотойгоор үнэ өссөн гэж худалдаалагчид хэллээ. Иймд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас үнийг нэмэгдүүлэхгүй байх тал дээр анхаарч байгаа гэнэ.

Мөн Цагаан сараар айл хэсэхгүй, цахимаар золголт хийж, золголтын мөнгөө мобайлаар шилжүүлэхийг зөвлөсөн юм.