Бид тоймлоё, Та унш

2019.08.06 Мягмар                                           21°C  2,666.99  Өнгө зүс сайжирна

Чухлыг тоймлоё 


Хулгайгаар ажиллаж байсан уурхайд осол гарлаа 

Ослын улмаас 2 хүн амь насаа алдсан байна. Осол Баянхонгор аймгийн нутагт байрлах Империал гоулд майнинг компаний уурхайд гарсан ба тус уурхайн үйл ажиллагааг 3, 5-р сард зогсоосон байжээ. 

Мөнгөнд улайрсан уурхайн эзэд!!!!

Империал гоулд майнинг компани аюулгүй ажиллагаа мөрдөөгүй, ажилтнуудын амь нас, эрүүл мэндийн даатгуулаагүй зэрэг зөрчлүүд илэрснээр МХЕГ үйл ажиллагааг нь зогсоосон байдаг. Гэвч баяр наадам, иргэдийн амралтыг далимдуулж хулгайгаар ажилласнаас үүдэн дээрх осол гарчээ. 

Тойм 

Он гарсаар Эко Алтан заамрын уурхайд 4, Налайхын уурхайд 3 хүн ослоор амь насаа алдаад байна. Гэвч буруутай нь тогтоогдож, ослын дүгнэлт нь гарсан эдгээр уурхайн компаниудад ямар арга хэмжээ авсан нь тодорхойгүй байгаа юм. Ийнхүү хариуцлага тооцдоггүй уул уурхайн салбарт энх цагт эрдэнэт хүмүүс амь насаа алдсаар байна. 


Ерөнхийлөгчийн топ амлалт биелэх үү?

Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд оффшор дахь хөрөнгийг оруулж ирэхэд Америкийн прокурорын газар хамтрахаар боллоо. Тэд оффшор болон авлигын мөнгөөр авсан хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг Монголд шилжүүлэх, хаана ямар хөрөнгө байгааг тогтооход тусална гэв. Оффшорын асуудал сүүлийн 2 жилд яригдаж байгаа ба нийт байршуулсан $85.9 саяын $74.9 сая нь Монголд орж ирээд байна. Оффшор дахь хөрөнгийг оруулж ирэх нь Ерөнхийлөгчийн топ амлалтуудын нэг юм. 


Чөлөөтийнхөн Польшоос 5 медаль хүртлээ

Польшийн нээлттэй тэмцээн 8/2-4-нд Варшавт болж манай улсаас зодоглосон 20 тамирчны 5 нь медаль хүртлээ.  Тодруулбал, эмэгтэйчүүдийн 68 кг-д МУГТ С.Батцэцэг, 65 кг-д ОУХМ Х.Болортуяа нар алт, 59 кг-д ОУХМ А.Батцэцэг хүрэл, эрчүүдээс 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга мөнгө, 74 кг-д Б.Бямбадорж хүрэл медаль авчээ.


Хонг Конгийн иргэд тэмцлийн хурц хэлбэрт шилжлээ  

Тус улсын 20 салбарын 14 мянган ажилтан ЗГ-аа эсэргүүцэж өлсгөлөн зарлалаа. Тэд ардчилал, эрх чөлөө болон Хонг Конгийн удирдагч Кэрри Ламыг огцрохыг шаардаж байгаа юм. Дээрх үймээнээс болж нисэх болон төмөр замын 8 буудал хаагдаж, Хонг Конгчуудын амьдрал бүхэлдээ зогсоод байна. Жагсагчид шаардлагыг нь биелүүлтэл тэмцлээ зогсоохгүй гэсэн бол удирдагч Лам жагсагчдыг шүүмжилж байгаа юм.


Сибирийн түймрийн зарим хэсгийг унтраахгүй 

Сибирийн 3 сая га газрыг хамарсан түймрийн 2.7 сая га-г унтраахгүй гэж Цаг уурын газар нь мэдээллээ. Учир нь тус хэсэг хүн ам, байгальд аюулгүй бөгөөд галыг унтраах нь өндөр зардалтайгаас гадна түймрийн тархалтыг ихэсгэх эрсдэлтэй гэнэ. Гэвч гадны ажиглагчид Сибирийн түймрийг унтраахгүй байх нь дэлхийн эко системд сөргөөр нөлөөлөх магадлалтай гэжээ.

Таны сонорт


Image result for medicine icon Антибиотикийн харшилтай эсэхээ хэрхэн мэдэх вэ?

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал  


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр