Төөрсөн зорчигчдыг олох, татваргүй барааны хэсэгт хэт удахаас сэргийлэх зорилгоор Сингапурын Чанги олон улсын нисэх онгоцны буудал царай таних технологийг туршиж байна.

Сингапур нь технологийн дэвшлийг ашиглан эдийн засгаа дэмжих, иргэдийн амьдралыг дээшлүүлэх зэргээр “ухаалаг үндэстэн” болох ажлаа эхлүүлээд байгаа юм. Гэсэн ч энэхүү царай таних технологи нь хувь хүний нууцлалд нэвтэрч магадгүй гэх болгоомжлол олон нийтийн дунд үүсээд байна.

Харин энэ тухай Чанги онгоцны буудлын мэдээллийн төвийн мэргэжилтэн Стив Ли хэлэхдээ, энэ технологи нь асуудал шийдэх зорилготой болохоос хянах зорилго агуулаагүй гэжээ. Мөн технологийн тусламжтайгаар зорчигдын дараалалд хүлээх цаг багасаж, хамгаалалтын ажилтны тоо багасах боломжтой гэнэ.

“Бидэнд төөрсөн зорчигчдын гомдол маш ихээр ирдэг. Үүнийг шийдэх боломжуудын нэг нь онгоцонд суусан иргэдийн царайг таних юм. Гэхдээ мэдээж агаарын тээврийн компаниудаас зөвшөөрөл авна ” гэж Стив Ли ярьжээ.

Стив Лигийн мэдээлснээр онгоцны буудал нь царай таних технологийг жилийн дотор ашиглалтад оруулах боломжтой бөгөөд хэд хэдэн компаниудтай хамтран ажиллаж байгаа гэв. Тэдний туршиж буй технологи нь гурван секундын дотор 1,8 тэрбум хүний царай таних чадвартай хэмээн Хятадын Yitu технологийн компани мэдээлжээ.

Чанги онгоцны буудал уг технологийг Т4 хэмээх шинэхэн терминалдаа байрлуулсан бөгөөд бүртгүүлэх, тээш өгөх, бичиг баримтаа шалгуулах, онгоцонд суух хэсгүүд бүрэн автомажсан гэнэ.

Зорчигч тээшээ буулгахдаа ямар ч хяналтын ажилтангүй автомат хэсэгт хандах бөгөөд зорчигчийн зургийг аван паспорттай тулгаж үзэх юм. Үүний дараа шалган нэвтрүүлэх хэсэг зорчигчийн царайг онгоцонд суух үетэй дахин тулгаж байгаа гэнэ.

Тэд шинээр баригдах тав дахь терминалдаа уг технологийг ашиглахаар зэхэж байгаа ба хуучин терминалуудыг хэрхэн автоматжуулах тухай ч судалж эхэлжээ.

“Та өнөөдөр өөрийн паспорт, онгоцны тасалбараа үзүүлэн шалган нэвтрүүлэхээр гардаг бол ирээдүйд паспортгүй зөвхөн царайгаа харуулахад л болно” гэж Стив Ли ярьсан байна.

Чанги онгоцны буудлын туршиж буй өөр нэгэн технологи нь салхи, цаг агаарын байдлаас хамааран нислэг хэзээ газардахыг хоёр цагийн өмнө таамагладаг хиймэл оюун ухаан юм. Одоогийн байдлаар онгоцны буудал ердөө 30 минутын өмнө онгоц хэзээ газардахыг мэдэх боломжтой.

“Ухаалаг үндэстэн болъё гэвэл онгоцны буудлаасаа эхлэх хэрэгтэй. Онгоцны буудал нь ухаалаг биш бол өөрсдийгөө ухаалаг үндэстэн гэж хэлж болохгүй шүү дээ” гэж Стив Ли боддог гэнэ.

Эх сурвалж: reuters.com