Сингапурын Засгийн газар худал мэдээллийн эсрэг хуулийг баталлаа. Ингэснээр Засгийн газар нь нийгмийн сүлжээ, хувийн чат, мэдээллийн сайтаар худал мэдээлэл тараасан иргэд, ААН-д хариуцлага тооцох, тухайн мэдээллийг устгах, залруулга хийлгэх эрхтэй болж байна.

Мөн худал мэдээлэл тараасан иргэнийг торгох, тав хүртэлх жилээр хорих гэнэ. Үүнээс гадна хуурамч хаяг ашиглан худал мэдээлэл тараасан этгээдийг нэг сая Сингапур доллар хүртэлх мөнгөн дүнгээр торгож, 10 хүртэлх жилийн хорих ялаар шийтгэхээр болжээ.

Гэвч зарим шүүмжлэгчид уг хуулийг иргэдийн үг хэлэх эрхэнд халдсан хэмээн үзэж байгаа юм. Харин албаныхны зүгээс энэ нь иргэдийн үзэл бодлыг хязгаарлах бус зөвхөн худал мэдээллийн хор уршгаас сэргийлж байгаа гэж мэдэгджээ.

Хуулийн дагуу Сингапурт түгээмэл ашиглагддаг WhatsApp, Телеграм зэрэг чатны аппликейшнуудын хувийн чатыг Засгийн газар нь хянах ба харин яаж гэдэг нь тодорхойгүй байгаа юм.

Чатны аппликейшн хөгжүүлэгчид аливаа улсын Засгийн газар иргэдийнхээ хувийн чатыг хянахыг эсэргүүцдэг юм. Тухайлбал энэ оны эхээр Энэтхэгийн засгийн газар технологийн компаниудаас хэрэглэгчдийнх нь мэдээллийг авахыг хүссэнд WhatsApp-ын зүгээс татгалзжээ.

Сүүлийн саруудад Орос, Франц, Герман зэрэг орнууд худал мэдээлэл, дургүйцлээ илэрхийлсэн нийтлэлүүдийн эсрэг хатуу хууль баталсан бөгөөд энэ удаад Сингапур тэдний эгнээнд нэгдэж байна. Сингапур энэ жил дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ 180 оноос 150-д бичигджээ.

Эх сурвалж: The guardian, Tech crunch