Уг арга хэмжээнд манай улсаас Сингапурт суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Т.Лхагвадорж оролцож байна.

Мөн 40 гаруй улсын төрийн өндөр, дээд албан тушаалтнууд, FedEx, Mastercard, Hyundai Motor Group, HSBC Group, Microsoft, ExxonMobil зэрэг дэлхийн хэмжээний томоохон компаниудын удирдлагууд оролцжээ.

Ийнхүү тэд  олон улсын эдийн засгийн тулгамдсан асуудал, технологи болон экологийн өнөөгийн нөхцөл байдал, асуудлыг шийдвэрлэх шийдэл зэргийг хэлэлцсэн байна.

Харин манай талаас оролцсон төлөөлөгч Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа байгууллагын Нарийн бичгийн даргын газрын гүйцэтгэх захирал Алан Боллардтай уулзаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар хэлэлцсэн байна.

Үүнээс гадна бизнесийн хүрээллийн төлөөлөгчидтэй уулзан Монголын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын боломж, бололцооны талаар танилцуулжээ. Улмаар Сингапурын Air Asia групп манай улсын бизнесийн орчныг ихээхэн сонирхож өөрийн баг бүрэлдэхүүнээ энэ сард багтаан Монгол руу илгээхээр болсон байна.

Түүнчлэн Америк Хятадын худалдааны дайны талаар төлөөлөгчид ярилцаж, энэхүү нөхцөл байдал нь цэвэр эдийн засгийн асуудал биш гэж үзжээ.

Энэ талаар Америкийн сангийн сайд асан Ханк Паулсон хэлэхдээ, “Америк, Хятад нар стратегийн маргаантай нөхцөл байдалдаа зөвшилцөлд хүрч чадахгүй бол дэлхий эдийн засгийн төмөр хөшгөөр хуваагдах болно. Хятадын хувьд Дэлхийн худалдааны байгууллагад нэгдээд 17 жилийн хугацаа өнгөрсөн ч өнөөг хүртэл худалдаагаа бүрэн чөлөөтэй болгож чадахгүй байна” гэжээ.